“Парис-2024” зуны олимпын 33 дахь наадмын хүндийг өргөлтийн таван жинд эрэгтэй, эмэгтэй тус бүр таван туйванч өрсөлдөнө. Жин тус бүрд 2022-2024 онд олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд оролцсон чансааны оноогоор шилдэг 10 тамирчин олимпын эрх авах журамтай. Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос олимпод ур чадвараа сорих тамирчдыг урьдчилсан байдлаар зарлалаа. Одоогоор эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монголын туйванчдаас Гавьяат тамирчин М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т жагссанаар Францыг зорих эрхийн болзлоо хангаж, гурав дахь олимпдоо өрсөлдөхөөр болов. Тус холбооноос олимпод оролцох тамирчдын нэрийг эцсийн байдлаар энэ сарын 24-нд зарлаж, 31-нд Үндэсний олимпын хороод нь баталгаажуулах аж.
М.Анхцэцэг өмнө нь “Рио-2016”, “Токио-2020” олимпод хүч сорьсон бөгөөд 2016 онд болсон насанд хүрэгчдийн Азийн АШТ-д түрүүлж, дараа жил нь ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр Монголын хүндийг өргөлтийн спортод шинэ түүх бичсэн юм. 2019 он түүнд амжилт харамгүй хайрласан жил байв. Тэр жилээ Азийн АШТ-ээс мөнгө, ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа гардан, “Дэлхийн цом”-ын аваргаар тодорсон. Дэлхийн медальтнуудын эгнээнд багтсан түүнд тухайн үед ДАШТ-ий алт, мөнгөн медалиас атгахад нэг алхам дутуу байв. Тэгвэл Узбекистаны Ташкент хотод 2021 онд зохион байгуулсан ДАШТ-ээс алтан медаль хүртсэн билээ. Түүнчлэн 2022 онд Колумбийн Богота хотод болсон ДАШТ-д түлхэлттэй өргөлтийн төрөлд 143 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртсэн юм.