Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүний эрхийн комиссарын алба (ХЭДКА)-тай хамтран “Бизнес ба хүний эрх” сэдэвт Зүүн Хойд Азийн дэд бүсийн семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Дэд бүсийн семинарыг НҮБ-ын ХЭДКА, НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн асуудлаарх Ажлын хэсэг, НҮБ-ын Бангкок дахь бүсийн төвийн “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн төлөөлөл удирдан явуулж, Монгол Улс, БНХАУ, БНСУ, Япон Улсын төр, хувийн хэвшил, хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл оролцлоо.
Семинарын хүрээнд оролцогчид НҮБ-ын “Бизнес ба хүний эрх”-ийн удирдах зарчмуудыг хэрхэн нутагшуулах, бизнес ба хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үйл явц, хэрэгжилт, хяналт шинжилгээ, үнэлгээний талаар нээлттэй мэдээлэл, санал солилцож, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монгол Улсын хувьд “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)-г 2023 oны зургадугаар сард батлан хэрэгжүүлж буй бөгөөд манай улсад харьцангуй шинэ тутам энэхүү ойлголтыг нутагшуулах, үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэхүү хоёр өдрийн семинар нь чухал ач холбогдолтой байв.