Улаанбаатараас Португал хүрэх дугуйтай аяллаа эхлүүлээд байсан нэгэн жуулчин орон нутгийн иргэнд зодуулж, гэмтсэн явдал гарчээ. Тэрбээр энэ талаар цахим хуудсандаа “Би хоёр хоног аялж, 200 км зам туулсны эцэст дөрөвдүгээр сарын 29-нд Өндөрширээт (Төв аймгийн) тосгоны захад хээр хоноглож байгаад хүчирхийлүүлж, зодуулсан. Улмаар ходоод, гэдэсний замын цочмог үрэвсэлтэй гэсэн оноштойгоор тосгоны эмнэлэгт гурав хоног хэвтэж эмчлүүлсэн. Маш их шингэн алдсан тул намайг Улаанбаатар луу шилжүүлж, эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд энэ хугацаанд эмчийн хяналтад байлаа. Маш сайн бодсоны эцэст эмчийн зөвлөмжийг дагаж, аяллаа хойшлуулахаар шийдвэрлэв. Зүрх сэтгэл минь эмтэрч, “Торгоны зам”-аасаа буцсан ч зуны төлөвлөгөөгөө эргэн харахаар Канадад ирлээ. Дэмжиж байсанд баярлалаа” гэжээ. Thomas Garon Da Silva хэмээх цахим хаягтай, Канадын Квебек хотод төрсөн эл залуу алдарт аялагч Марко Пологийн мөрөөр дугуйтай аялах “Торгоны зам” төслөө Монголоос эхлүүлээд байсан гэнэ. Тэрбээр Улаанбаатараас Португалын Сагрес хүртэл 17 000 км замыг дөрвөн сарын хугацаанд туулж, 17-20 орны нутгаар дайран өнгөрөх зорилготой төслөө дээрх шалтгааны улмаас зогсоосноо ийнхүү албан ёсоор зарлажээ.
Бэлтгэсэн Н.Мишээл