Шувуун фабрикт эзэнгүй нохой, муурын түр асрах байр бий болгохоор өнгөрсөн нэгдүгээр сараас тохижуулах ажлыг нь эхлүүлсэн. Ингэхдээ тухайн хэсэгт байсан хуучин байрыг сэргээн засварлаж, ашиглалтад оруулахаар төлөвлөснөө нийслэлийн удирдлагууд танилцуулж байлаа. Эзэнгүй нохой, муурыг хариуцах хүнтэй болтол нь уг байранд түр амьдруулж, асарч тойлно гэж албаныхан сайхнаар ярьж байв. Гэвч засварынх нь ажлыг дуусгаагүй атлаа олон нохойг тэнд аваачин осгож, өлсөж үхэхэд хүргэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнчлэн уг байрыг өнгөрсөн сарын 15-нд ашиглалтад оруулна хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлж байв. Гэтэл өдий хүртэл ашиглалтад оруулаагүй л байна.
Барилгын эргэн тойронд төмөр торон хашаа барьжээ. Уг байрыг 800 сая төгрөгөөр тохижуулж буй гэх. Тэнд 5-6 хүн байрны ханыг шавардаж байлаа. Тэд засварын ажлаа эхлүүлээд долоо хонож буйгаа хэллээ. Их хэмжээний өтөг бууц байсан тул тэдгээрийг цэвэрлэхэд багагүй хугацаа шаардлагатай болжээ. Халаалтын системүүдийг нь Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрынхан шийдсэн гэнэ. Одоо ажиллаж байгаа хүмүүс нь энэ сарын 30-нд ажлаа дуусгана гэлээ. Энд тэндгүй овоолсон шороо, цемент байгааг нь харахад тэд хэлсэн хугацаандаа ажлаа амжуулж чадна гэдэгт итгэхэд бэрх.
Бас тэнд ажилтнуудын байр ч тохижуулах аж. Түүнийг нь хариуцах хүн ч алга. Энэ нөхцөл байдлаас нь харвал амьтдын түр асрах болон ажилчдын байрыг хэзээ ашиглалтад оруулж, “зочдоо” хүлээж авах нь тодорхойгүй хэвээрээ л байна.
Бэлтгэсэн: А.Үүл