-Ажлын байрны хомсдолд залуус ихээр өртөж байна-
Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь 35-аас доош насны залуучууд. Гэтэл залуусын ихэнх нь өнөөгийн амьдралдаа сэтгэл дундуур, бухимдалтай байгаа нь Монголд залуу хүн амьдрахад тийм ч амаргүй гэдгийг харуулна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2023-2024 оны Хүний хөгжлийн илтгэлд “Залуучууд уур амьсгалын өөрчлөлт, тэмцэл сөргөлдөөн, тэгш бус байдал зэрэг дэлхий дахинд тулгамдаад буй олон хурцадмал асуудалд нөлөөлж, нөхцөл байдлыг өөрчилж чадахгүйдээ сэтгэл дундуур байдаг” тухай дурджээ. Түүнчлэн, ажлын байрны хомсдол нь залуучуудад тулгарч байгаа томоохон бэрхшээл төдийгүй, чадварлаг боловсон хүчний дутагдалтай байдал нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилт болжээ.
Эдгээр сорилтыг шийдвэрлэхэд боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн тэгш байдал, бүх нийтийн оролцоог хангасан цогц, хүртээмжтэй бодлого, төлөвлөлт шаардлагатай. “Залуучууд хөгжил дэвшлийн зөвхөн үр шимийг хүртэгч нь байгаад зогсохгүй улс орныхоо ирээдүйн бүтээн байгуулалтад манлайлагч нь байх бүрэн боломжтой” хэмээн Европын Холбоо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр үзэж байна. Ингэхийн тулд залуучуудын мэдлэг боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх байдлаар тэдэнд нийгэм эдийн засгийн хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулж, шинэчлэл авчрах боломж олгох шаардлагатай аж. Тодорхой хэлбэл, залуус өөрсдийн амьдралд шууд нөлөө үзүүлэх аливаа бодлого, шийдвэр гаргах, төлөвлөн хэрэгжүүлэх бүхий л үе шатуудад оролцох нь нэн чухал юм.
Тиймээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд ажил хайгчдын ур чадварыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх тухай хөндөгдөнө. Энэ хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хөдөлмөр эрхлэлтийн ур чадварын үнэлгээ буюу “Профайлинг” үйлчилгээг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Залуучуудын хэрэгцээ шаардлагад түлхүү нийцсэн энэхүү иргэн төвтэй үйлчилгээг одоогоор 20 мянга гаруй ажил хайгчдад үзүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаа болон ур чадвар олгох сургалтад хамруулах, хувийн хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөөг нь хамтран боловсруулах замаар ажилд зуучилж, улмаар хөдөлмөрийн зах зээлд хөлөө олоход нь дэмжлэг үзүүлсээр байна.2024 оны гурван сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ажилладаг 560 гаруй мэргэжилтэн уг үйлчилгээг үзүүлэх сургалтад хамрагдаж, нийт 19 400 иргэний профайлингийн үнэлгээг хийсэн. Үүнээс 8494 иргэнд хөдөлмөр эрхлэлтийн хувийн төлөвлөгөөг хамтран боловсруулж, ажил мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрт бэлтгэх сургалт, ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, түр ажлын байр болон ажилд зуучлах үйлчилгээг үзүүлэв. Нийт 608 иргэнийг ажилд зуучлан, 330 иргэнийг дараагийн шатны үйлчилгээ, арга хэмжээнд хамрууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын жишиг хөтөлбөрийг боловсруулжээ
Хүртээмжтэй боловсролыг дэмжиж, эрэлттэй ур чадваруудыг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан хоёр жилийн сургалтын жишиг хөтөлбөрүүдийг Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран боловсруулж, туршин хэрэгжүүлэв. Төгсөгчдийн дийлэнх нь ажилтай болж, улмаар сургалтын хөтөлбөрийг бусад сургуулиуд амжилттай түгээн дэлгэрүүлж байгаа нь боловсролын хөтөлбөрүүд хэрэгцээнд суурилахын ач холбогдол, үр дүнг тод томруунаар харуулж байгаа аж. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, тэр дундаа оюуны бэрхшээлтэй залуучуудын оролцоог илүү сайн хангаж, тэднийг эдийн засгийн харилцаанд бодит хувь нэмрээ оруулж, нийгэмд зохих байр суурь эзлэх боломжоор хангах нь чухал байна.
Залуусыг энтрепренершипийн ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулж байна
Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны гурав дах үндсэн чиглэл нь залуучуудын энтрепренершип ур чадварыг хөгжүүлэх юм. Залуучуудыг бизнес эрхлэх боломж бололцоогоор хангах нь тэдний хүсэл сонирхол, мөрөөдөлд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Энэ нь Монгол Улсад инновацыг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хүн бүрд тогтвортой, өөрчлөлтөд тэсвэртэй ирээдүйг бий болгоход шаардлагатай чухал стратеги юм. Энэ хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудтай хамтран ажиллаж, ирээдүйн бизнес эрхлэгчдийг бэлтгэх, тэдэнд харилцааны болон энтрепренершипийн ур чадвар эзэмшүүлэх сургалтууд явуулж байна.
Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд залуучуудыг чадавхжуулах ур чадварын сургалтууд болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг орон даяар нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Бодит хөгжил дэвшил нь нийгмийн бүхий л давхаргын иргэдэд ижил тэгш хүрэх ёстой тул Европын Холбоо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр үйл ажиллагааныхаа хүртээмжтэй байдлыг илүү чухалчилж үздэг. Монгол Улсад ядуурлыг бууруулах арга хэмжээ ахиц муутай, хилийн чанадад ажиллаж амьдрах хүсэлтэй залуу боловсон хүчин олон бий. Энэхүү сэтгэл зовнисон асуудлыг шийдвэрлэхэд “Хүртээмжтэй хөдөлмөрийн өдөрлөг” зэрэг шинэлэг арга хэмжээ, санаачилгаар дамжуулан, залуучуудын тэгш, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гарц байна. Тиймээс дээрх арга барил, санаачилгуудыг үндэсний бодлого, хөтөлбөрүүдэд тусгахад Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг манлайлан ажиллахыг төсөл хэрэгжүүлэгч талууд уриалав.
Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн тэгш бус байдлаас гарах шийдэл олох гол хүмүүс нь залуучууд юм. Тиймээс залуучуудын ур чадвар, мэдлэг боловсрол, боломжийг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллаж, тэднийг бүхий л түвшинд дэмжихэд Европын Холбоо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр анхаарч ажиллаж байна. Гэвч залуучууд ирээдүйдээ итгэлгүй, урам зориггүй байгаа нь дэлхий дахины аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал гэдгийг бодлого боловсруулагчид болон шийдвэр гаргагчид сайтар ухамсарлаж, дорвитой арга хэмжээ авах шаардлага үүсжээ.