Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Дэд хорооны хатагтай Элина Штайнерте тэргүүтэй гишүүд 2024 оны тавдугаар сарын 6-ны өдөр Гадаад харилцааны яаманд Монголын төрийн холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзав.
Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй ХЗДХЯ, ГХЯ, ХНХЯ, УЕПГ, АТГ, ТЕГ, ШШЕГ, ЦЕГ, ЗХЖШ-ийн төлөөлөл оролцож, Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, түүний Нэмэлт протоколоор хүлээсэн үүргийн биелэлт, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээрх хууль, эрх зүйн орчин, шинэчлэлийн талаар танилцууллаа.
Дэд хорооны гишүүд 2017 онд Монгол Улсад ажлын айлчлал хийж, Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар тайлан гаргаж, холбогдох зөвлөмж өгч байсан. Тэгвэл энэ удаа дэд хорооны гишүүд 2024 оны тавдугаар сарын 6-15-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллах юм.