Узбекистаны Самарканд, Ташкент хотод Ази, далайн эргийн орнуудын шайбтай хоккейн аварга шалгаруулах 18 хүртэлх насныхны ангиллын тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд дасгалжуулагч Б.Зориг, М.Отгонбаяр, И.Алтангэрэлийн удирдлагад Монголын хоккейчид 10 орны шигшээ багтай өрсөлдсөнөөс таван удаа ялж, нэг хожигдов. Шагнал хүртэх, эсэхийг шийдвэрлэх тоглолтод манайхан АНЭУ-ын багийг 4:2-оор илүүрхэж, хоёр дахь удаагаа хүрэл медалийн эзэн боллоо. Тэмцээний шилдэг тоглогчоор У.Цэнгэл шалгарсан юм.
Манайхан эх орондоо өнгөрсөн жил зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан орны багтай ур чадвараа сорьсон. Тэднээс Узбекистаны багийнхан тивийн аваргаар тодорч, Туркменистаны тоглогчид мөнгөн медальтай буцаж байв. Тэмцээний сүүлийн өдөр манай тамирчид Тайландын шигшээг нутгийнхаа мөсөн талбайд буулган авч хүрэл медаль хүртсэнээр Монголын хоккейн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн билээ.