Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаггүй нэр бүхий 10 орчим аж ахуйн нэгжийн нэрээр борлуулалт хийж, орлого олсон гэх мэдээллийг татварын байгууллагын системд шивж, “И-баримт”-д хуурамч баримт бүртгүүлж байсан хүмүүсийн үйлдлийг Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд илрүүлэн шалгасныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Н.Ууганхишиг, Г.Ганзориг, Б.Уянга, Х.Батхүү, П.Цэнгэлбаяр нар ийт 14 180 ширхэг хуурамч баримт үйлдсэн гэнэ. Мөн 835 иргэний нэрээр “И-баримт”-ын нэгдсэн системд баримт бүртгүүлж, тэдний дансаар дамжуулан НӨАТ-ын урамшуулалд 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан хэрэгт холбогдсон юм.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Ганзоригт хоёр жил зургаан сар хорих, П.Цэнгэлбаяр, Х.Батхүү, Н.Ууганхишиг, Б.Уянга нарт 5-6 сая төгрөгөөр торгох, зорчих эрхийг нь 1-2 жилийн хугацаагаар хязгаарлах ял оноон, улсад учруулсан 1.3 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын хуурамч падаанаар их хэмжээний мөнгө луйвардсан зургаан хүнд НПГ-аас дахин яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. У.Алтанзаяа, Г.Болдбаатар, Х.Чинтуяа, Б.Ануударь, Б.Отгонтуул, Б.Пүрэвдолгор нарт холбогдох, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэн ашигласан хэргийг 2020 оноос хойш шалгасан юм. Эхнэр нөхөр болох У.Алтанзаяа, Г.Болдбаатар нар цахим орчинд НӨАТ-ын падаан худалдах зар байршуулан, 2017-2021 оны хооронд давхардсан тоогоор 1570 аж ахуйн нэгжид хуурамч баримт борлуулж, компаниудыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгон улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан аж.
Дээрх хүмүүс 2017-2021 оны хооронд “Мөнх тэнгэр констракшн”, “Дөл ананд констракшн”, “Алтангадас майнинг”, “Дөл ойл”, “Имаралт зоне”, “Пи и си констракшн”, “Эй ти эс и”, “Ананд финанс” зэрэг үйл ажиллагаа явуулдаггүй компанийн эрхийг худалдан авч, 1537 аж ахуйн нэгжид 187.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7525 ширхэг НӨАТ-ын падааныг татварын байгууллагын программд оруулж, 18.7 тэрбум гаруй төгрөгийн татвараас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн юм.