Үндэсний аудитын газар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн хандивын тайланд хийсэн аудитаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд буй. Энэ нь 2023 оны эхнээс өнгөрсөн сарын 1 хүртэлх хугацаанд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн авсан хандив юм. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуульд оролцохоо илэрхийлсэн 26 нам, хоёр эвсэл, 77 бие даагч дээрх хугацаанд хэдий хэр хандив авснаа төрийн аудитын байгууллагад хүргүүлсэн байх учиртай. Гэхдээ Үндэсний аудитын газрын мэдээлснээр 30 нам, 11 бие даан нэр дэвшигчээс хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн байна.
Тэдгээрээс хоёр намаас бусад нь хандив аваагүй гэдгээ уламжилжээ. 2020 оны сонгуулиар эл хандивын тайланд хийсэн аудитаа Үндэсний аудитын газраас нам, намд нь буцаан илгээдэг байв. Энэ удаа холбогдох хуулийг нь өөрчилснөөр бүгдийг нь Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн хэрэг.
Намын тухайд хандивтай холбоотой харилцааг Улс төрийн намын тухай хуулиар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн бус үеийн хандив гэсэн үг бөгөөд жилд нэг иргэнээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12, хуулийн этгээдийнхийг 50 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүүгүй байхаар тогтоогоод буй. Энэ оны эхнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөг байхаар мөрдөж байгаа бөгөөд иргэн 7.9, хуулийн этгээд 33 сая хүртэл төгрөг хандивлаж болох юм. Бас иргэн, хуулийн этгээдээс нэг жилийн хугацаанд нэг намд өгөх хандивын хэмжээг тухайн нам, түүний салбар болон бүтцийн нэгжид өгсөн мөнгөний нийлбэр дүнгээр тооцохоор заасан билээ. Мөн хуулийн этгээдийн намд өгсөн хандивын хэмжээг түүний хараат болон охин компани, салбар, төлөөлөгчийн газрын өгсөн мөнгөний нийлбэр дүнгээр тооцохоор нарийвчилсан зохицуулалт бий. Гэхдээ нам, эвслүүд эдгээр заалтыг хэрэгжүүлсэн үү, аль намд хэн, ямар байгууллагаас хэдэн төгрөгийн хандив өгөв гэдэгтэй одоо танилцах боломжгүй. Үндэсний аудитын газар дээрх дүгнэлтийг зургаадугаар сарын 10-наас буюу сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх үед байгууллагынхаа цахим хуудсанд байршуулах ёстой. Тэр болтол эл хандивын тайланд дүгнэлт хийсэн төрийн аудитын байгууллага ч, хүлээн авсан Сонгуулийн ерөнхий хороо ч хэнд ч үзүүлэхгүй, хав дарна гэсэн үг. Үндэсний аудитын газарт хандивын мэдээллээ илгээсэн нам, эвсэл, бие даагчид авсан хандиваа өөрсдөө үүнээс наана ил болгон, мэдээлнэ гэж бүр ч найдалтгүй биз.
Уг нь жил гаруйн өмнө УИХ-д суудалтай бүх хүчнээс гадна парламентад суудалгүй зарим нам (ИЗНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, ШИНЭ, МНН, МСДН, МҮАН, Үнэн ба зөв нам) “Шийдвэр гаргах үйл явцад тэгш төлөөллийг хангахын төлөөх амлалт”-д нэгдэн, удирдлагууд нь гарын үсэг зурж байв. Ингэхдээ найман зүйл амласны нэгдүгээрт “Улс төрийн намыг бодлогын институц болгон төлөвшүүлэхэд санхүүжилтээ нээлттэй, ил тод байлгаж, дотоод ардчиллаа бэхжүүлэн, хариуцлагын жишиг бий болгож, жендерийн тэгш байдлыг тогтооно” хэмээсэн байдаг. Монголд нийтээрээ шахам ад үзэх болсон нам гэдэг байгууллагыг бодлогын хувьд төлөвшүүлэхгүйгээр шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах тухай бодох ч хэрэггүй. Өөрийн гэсэн бодлого, үзэл баримтлалтай, төрийн эрх барих замаар түүнийгээ хэрэгжүүлэх эрмэлзэл, өөрийн гэсэн үнэт зүйл, тогтолцоо, нөөцтэй нам ардчиллын тулгуур багана болохоос бус, намын дарга хэмээх хувь улс төрч, түүнийг тойрсон цөөн хүнтэй бүлэглэл, төсөв, санхүүжилтээс авхуулаад олон зүйлээр өөр хоорондоо холбогдсон, хэт хамааралтай явцуу хүрээнийхэн ийм байгууллагыг байгуулж, авч явна гэж “тоглодоггүй”. Үүний тулд нам юуны түрүүнд санхүүжилтээ нээлттэй, ил тод болгох ёстой. Тиймээс ч тэд амласан. Харин намууд амлалтдаа хүрч, биелүүлж байна уу.
Улс төрийн намын тухай хуулийн есдүгээр зүйлд намын үйл ажиллагааг цахимаар явуулах, ил тод байдлыг хангахтай холбоотой зохицуулалтуудыг тусгасан байдаг. Тухайлбал, нам нь дүрэм, хөтөлбөр, бусад журам, санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайланг ил тод, нээлттэй байлгаж, нийтэд тогтмол мэдээлэх, мэдээлэл авах боломжоор хангахаар тусгасан. МАН-ын албан ёсны цахим хуудас www.nam. mn цахим хуудасны “санхүү” хэмээх цэсээр зочлоход хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 29-нд 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайлангаа нийтэлжээ. Нам нь жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийлгэж, жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан цахим хуудсандаа байршуулж олон нийт, гишүүд, дэмжигчдээ нээлттэй танилцуулж байна гэсэн Улс төрийн намын тухай хуулийн заалтыг биелүүлсэн нь энэ бололтой. Үүнээс харвал тус намд өнгөрсөн онд ирүүлсэн бэлэг, хандив, тусламжийн орлого нь 333 390 төгрөг байна. Харин 2022 онд эл орлого 2.9 тэрбум төгрөг байж. Мөн Улс төрийн намын тухай хуулийн 9.6-д нам цахим хуудсандаа ил тод, байршуулж, тухай бүрт нь шинэчлэх ёстой 16 төрлийн мэдээллийг жагсаасан байдаг. Тэдгээрийн нэг нь намын болон харьяа байгууллагын санхүүгийн тайлан юм. Харин намын дансанд хүлээж авсан хандивын болон бусад мэдээллийг холбогдох хуульд заасны дагуу цахим хуудсанд байршуулах ёстой. Ингэхдээ хандивлагч иргэний ургийн овог, эцэг (эх)-ийн болон өөрийн, эсхүл хуулийн этгээдийн нэр, оршин байгаа аймаг, сум, баг, эсхүл нийслэл, дүүрэг, хорооны нэр, дугаарыг нийтлэхээр заажээ. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хороо жил бүрийн тавдугаар сард багтаан намуудын санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайланг нэгтгэж, УИХ-д мэдээлэх үүргийг уг хуулиар хүлээсэн. Үүнийг өөрийн цахим хуудсанд байршуулж, тухай бүрд нь эмхэтгэж, хэвлэн нийтэлнэ хэмээх заалтын хүрээнд хандивлагчдаа дэлгэрэнгүй танилцуулах бололтой.
АН мөн албан ёсны www.democraticparty.mn цахим хуудасныхаа “санхүү” цэсэнд 2022, 2023 оны санхүүгийн тайлангаа нийтэлсэн байна. Тус намын тухайд өнгөрсөн гурван жилд хэдэн төгрөгийн хандив авсан талаарх мэдээлэл алга.
Учир нь энэ талаар нарийвчлан тусгаагүй бөгөөд “бусад орлого” гэдэгт нэгтгэсэн байхыг үгүйсгэхгүй. ХҮН нам www.hunnam.mn цахим хуудсандаа 2019, 2020, 2022 оны санхүүгийн тайлангаа танилцуулжээ. Өнгөрсөн оных алга. Эдгээрээс харвал, тус намын бэлэг, хандив, тусламжийн орлого 2018 онд тэг, 2019 онд 180 мянга, 2020 онд 73.2, 2021 онд 392.6, 2022 онд 161 сая төгрөг байж. Монголын ногоон намын www. mongoliangreenparty.mn цахим хуудсанд “шилэн данс”, “хандив” гэсэн цэс байх аж. “Шилэн данс” нь санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт хэмээн хуваагдах ч 2017 оныхыг л нийтэлжээ.
“Шийдвэр гаргах үйл явцад тэгш төлөөллийг хангахын төлөөх амлалт”-д нэгдсэн бусад хүчин болох ИЗНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, ШИНЭ, МСДН, МҮАН, Үнэн ба зөв намын олонх нь цахим хуудасгүй, байгаа хэд нь бараг мэдээлэл оруулж, шинэчилдэггүй, санхүүгийн тайлан гаргадаг, эсэх нь ч эргэлзээтэй аж. Төлөөлөл нь хангагдахгүй байгаа залуус, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй сонгуулийн тогтолцоог сонгож, нэр дэвшигчийн хүйсийн квотыг нэмэгдүүлэн, санхүүжилтээ ил тод болгож, зардлаа бууруулан, дотоод ардчиллаа бэхжүүлэхээ амласан 10 намын үйл ажиллагаанаас санхүүгийн нээлттэй байдлыг нь нэхэхэд ийм байна. Уг нь тэд дарга нар нь гарын үсэг зурж, түүчээлсний хувьд манлайлан ажиллаж, бусдадаа үлгэр дуурайл үзүүлбэл тэр хэрээр бодлогын нам болоход нь дөхөмтэй. Гэхдээ дээрх амлалтад нэгдээгүй ч үйл ажиллагаагаа ил тод явуулдаг намууд байхыг үгүйсгэхгүй. Бүх нам дотоод ардчиллаа бэхжүүлэн, хариуцлагын жишиг тогтоож байж Монголын шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг квот заан хуульчилснаас эс хамааран бий болгоно.