Нийслэлчүүдийн унд, ахуйн хэрэглээний усны гол эх үүсвэр болсон Туул, Сэлбэ голд усан сан байгуулах саналыг судлаач, эрдэмтэд, байгаль орчны салбарынхан сүүлийн жилүүдэд олонтоо дэвшүүлж, ярьсан ч холбогдох байгууллагууд нь ажил хэрэг болголгүй өнөөдрийг хүрсэн билээ. Харин энэ сарын эхээр нийслэлээс Туул голд усан сан байгуулах ажлын бэлтгэл хангах, эхлүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулан байгуулснаа зарласан юм. Эл ажил өдгөө ямар шатанд явааг түүнээс тодруулахад “Энэ нь мега төсөл учраас тохиромжтой байршлыг тогтоох, холбогдох тооцоо, судалгааг ул суурьтай хийхээс эхлээд бэлтгэл шатны ажил их. Усан сан байгуулах газраа сонгож, судалгаагаа бүрэн гүйцэд хийсний дараа Засгийн газарт албан ёсоор танилцуулна. Энэ төслийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газартай хамтран хэрэгжүүлэхээр тогтоод буй” гэсэн юм.
Туул голд усан сан байгуулснаар гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлж, нөөц бүрдүүлээд зогсохгүй урсцын тохируулга хийж, үер, ган гачгийн эрсдэлээс сэргийлэх боломжтойг Усны газрын дарга З.Батбаяр хэлж буй. Түүнчлэн усан санд хуримтлагдсан нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дагуул хотуудын хэрэглээг хангах боломжтойг ч судлаачид ярьж байна.
Бэлтгэсэн Н.Мишээл