Нярайн эмгэгийг эрт илрүүлэх буюу скрининг шинжилгээний зургаа дахь төвийг Өвөрхангай аймагт нээжээ. Нярайд 24-72 цагийн хугацаанд хийдэг уг шинжилгээг манай улсад өнгөрсөн оноос нэвтрүүлсэн байна. Дорнод, Орхон, Ховд зэрэг аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд нярайн эмгэгийг эрт илрүүлэх шинжилгээг хийдэг байсан бол өдгөө Өвөрхангайн хүүхдүүд хамрагдахаар боллоо. Хүүхдийн өсгий рүү хатгаж таван дусал цус авч, түүгээр олон төрлийн эмгэгийг илрүүлснээр хөгжлийн болон оюуны бэрхшээлийг оношлох, сэргийлэх боломжтой гэж эмч нар үзэж буй. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн төрөх тасгийн нярайн эмч Н.Сүнжидмаа “Манай аймагт жилд 2100-2300 орчим нярай төрдөг. Төрсөн бүх нярайд энэ шинжилгээг хийснээр бодисын солилцоо, дотоод шүүрэл, удам зүйн эмгэгийг эрт үед нь илрүүлэх юм. Энэ шинжилгээ нь хүүхэд эрүүл энх өсөж бойжиход чухал ач холбогдолтой” гэв. Тухайлбал, манай улсад бамбай булчирхайн төрөлхийн дутагдалтай хүүхэд цөөнгүй аж. Хэрэв нярай үед нь эл эмгэгийг илрүүлчихвэл бамбайн даавар орлуулах эмчилгээг насан туршид нь хийх гэнэ. Оношлуулж, эмчлүүлэхгүй хугацаа алдвал биеийн болон оюуны бэрхшээл үүсэх эрсдэлтэй юм байна.
Хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэний 50 гаруй хувь нь төрөлхийн эмгэгээс шалтгаалдаг аж. Харин нярайн скрининг шинжилгээг хийснээр жилд дунджаар 1200 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг илрүүлэх боломжтой гэж тооцоолжээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас уг шинжилгээний зардлыг хариуцах тул эцэг, эхчүүд хүүхдээ төрөнгүүт хамруулах боломжтой.
Бэлтгэсэн Ч:Болор