“Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийг дэмжих” төслийн хүрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА, БШУЯ хамтран “Бага ангийн сурагчдын хоол тэжээлийн байдал” судалгаа хийсэн байна. Хүүхдүүд хоол хүнснээсээ хэрэгцээт шим тэжээл, аминдэмээ авч чадахгүй байгааг уг судалгаагаар тогтоожээ. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн олонх нь ясны сийрэгжилт, зөөлрөлттэй, бас цусан дахь D аминдэмийн хэмжээ нь дунджаас 2-3 дахин бага байсан аж. Уг судалгааны талаар “Нийгата” их сургуулийн Эрүүл мэнд, хоол тэжээлийн тэнхимийн профессор, ЖАЙКА-гийн төслийн зөвлөх Нобүко Мүраяаматай цахимаар ярилцлаа.
-Судалгааны гол зорилго юу байв. Ямар үр дүнд хүрэхийг зорьсон бэ?
-ЖАЙКА-гаас “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийг дэмжих” төсөлд оролцуулах санал надад тавьсан юм. Тэр дундаа хүүхдүүдийн хоол тэжээлийн байдал, үдийн хоолны цэсийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санал ирсэн. Сургуулиас нь өгч буй үдийн хоолноос хүүхдүүд хэрэгцээт ашиг шим, эрдэс бодисоо авч чадаж байгаа, эсэхийг эхний ээлжид тогтоох шаардлагатай байлаа. Үүнийг тодруулахын тулд бид судалгаа хийсэн.
Ингэхдээ Улаанбаатар, Өвөрхангай, Дундговь аймгийг загвар бүс нутгаар тодорхойлсон юм. Загвар бүс нутаг бүрээс хоёр сургууль сонгож, II, IV ангийн 250 сурагчийг хоол, шим тэжээлийн судалгаанд хамруулсан. Хооллолтод улирлын чанартай өөрчлөлт гардаг болохоор судалгаагаа 2022 оны есдүгээр сар болон дараа жилийнх нь хоёрдугаар сард хоёр үе шаттайгаар явууллаа. Эхнийхэд нь оролцуулсан хүүхдүүдийг дараагийнхад нь ч хамруулсан юм. Судалгаагаар биеийн өндөр, жин, ясны нягт, цусны даралтыг нь хэмжсэн. Цусан дахь эсээс биед нь ямар шим тэжээл буйг тодорхойллоо.
-Ямар үр дүн гарсан бол?
-Судалгаанд оролцсон хүүхдүүдийн долоон хувь нь жингийн илүүдэлтэй, нэг хувь нь дутагдалтай. 90 хувь нь хэвийн жинтэй байлаа. Хамгийн их анхаарах ёстой асуудал нь ясны нягт. Ясны нягтаршил нь хэвийн хүүхдүүд маш цөөхөн байсан. Тухайлбал, судалгаанд оролцсон хүүхдүүдийн 60-70 хувь нь ясны сийрэгжилт, зөөлрөлттэй. Цусан дахь D аминдэмийг нь шалгахад 80-90 хувьд нь дутагдалтай байсан.
Нэг хүүхдийн хоногт авах кальцын хэмжээ 700 мг байх ёстой. Гэтэл судалгааны дүнгээр хүүхдүүд ердөө 240-260 мг-ыг авч байгааг тогтоосон. Судалж эхлэхээсээ өмнө “Монголчууд нүүдэлчин ард түмэн. Мал аж ахуй эрхэлдэг болохоор сүү, сүүн бүтээгдэхүүн их хэрэглэдэг байх” гэж бодож байлаа. Хүн өдөрт дунджаар 310 гр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Гэтэл монгол хүүхдүүд дөнгөж гуравны нэгийг нь буюу 130 гр-ыг л хэрэглэж буйд маш их гайхсан.
-Үүний үр дүнд тулгуурлан ямар зөвлөмж гаргав?
-Ясны нягтаршлыг сайн байлгахын тулд сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэдгийг хүмүүс ойлгодог. Цусан дахь D аминдэм дутагдалтай гэж гарсан шүү дээ. Уг аминдэм нь сүү, сүүн бүтээгдэхүүн ходоодонд ирэхэд кальцыг биед зөв шингээхэд тусалдаг. Тийм болохоор хэчнээн их сүү уусан ч D аминдэмийн дутагдалтай бол кальц нь биед бүрэн дүүрэн шингэхгүй гэсэн үг. Цусан дахь D аминдэмийг нарны гэрлээс авдаг. Нарны гэрлийг арьсандаа шингээж авснаар D аминдэм биед үлдэнэ. Ингээд уг аминдэм сүүг боловсруулахад тусалдаг. Мөн загасанд D аминдэм их агуулагддаг юм. Гэтэл Монголд загас ховор. Энэхүү аминдэм мөөгөнд ч ихээр агуулагддаг. Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэчхээд, дараа нь наранд биеэ сайн ээж, аминдэмийг өөртөө шингээх хэрэгтэй. Ингэснээр ясны нягтаршил сайжирна гэсэн зөвлөмжийг сургуулиудад хүргүүлээд байгаа.
Зөвлөмжийнхөө дагуу хамгийн эхэнд Дундговь аймагт “Сүү” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд долоо хоногийн гурван өдөрт сурагчдын үдийн цайнд сүү өгч байгаа. БШУЯ-наас үүнийг үр дүнтэй арга гэж үзээд “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлыг улсын төсөвт тусгасан байна лээ.
Хүүхдүүд өдөр тутамдаа хүнсний ногоо, жимс, жимсгэнэ хангалттай хэрэглэдэггүй нь судалгаанаас мөн харагдсан. Өдөрт 210 гр хүнсний ногоо, жимс, жимсгэнэ идэх ёстой. Гэтэл монгол хүүхдүүдийн хувьд эл үзүүлэлт 50 гр-аас бага байсан. Хүнсний ногоонд бүх төрлийн аминдэм болон эслэг агуулагддаг. Нэг өдөрт 22 гр эслэг авах ёстой. Гэтэл монгол хүүхдүүд 7.7-8.8 гр-ыг л авч байгаа нь маш доогуур үзүүлэлт. Шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүй байгаа нь буруу хооллож буйн шинж. Эслэг болон фолийн хүчлийн давуу тал нь эрч хүчтэй болгодог. Эслэг нь хоол шингээхэд тусалдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүнээс гадна хүнсний ногоо, жимс, жимсгэнийг ижил хэмжээгээр хэрэглэх нь чухал.
Хүүхдүүд зөвлөсөн хэмжээний дагуу зөвхөн сургуульдаа гэлтгүй гэртээ ч зөв хооллож сурах хэрэгтэй. Үүний тулд төслийн хүрээнд үдийн хоолны шинэчилсэн цэс боловсрууллаа.
-Нэг хүүхдийн үдийн хоолны төсөв 1500 төгрөг байгаа шүү дээ. Ийм хэмжээний мөнгөөр эрдэс бодис, аминдэмээ хангалттай нөхөх хэмжээний хоол бэлдэж чадах уу?
-Энэ мөнгөн дүнд аль болох тааруулсан, аминдэмтэй хоолны цэс боловсруулахыг зорьсон. Миний бодлоор уг төсвийг нэмэх хэрэгтэй. Ямартай ч бид уг мөнгөнд тааруулаад өмнө дурдсан аминдэмүүдийг хангалттай авч чадах цэс боловсруулахыг хичээсэн. Жишээ нь, 1500 төгрөгт тааруулах гээд татсан мах, малын дайвар бүтээгдэхүүнийг цэсэд орууллаа. Хүүхдүүд ногоог шууд идэж чадахгүй. Тиймээс ногоогоор зутан шөл хийхийг санал болгосон.
-Монголчууд өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийг ашиглан хангалттай шим тэжээлээ авч чадах хоолны цэс боловсруулсан гэсэн үг үү?
-Тийм ээ. Монголд тариалдаг хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүнүүдээр яаж шим тэжээлтэй хоолны цэс боловсруулах вэ гэдэгт анхаарсан. Судалгаа явуулсан зургаан сургуулийн сурагчдын асран хамгаалагч, эцэг, эхчүүдэд мэдээлэл өгөхийн тулд үдийн хоолны сонин гаргаж буй. Японд ч ийм сонин бий. Хоол зүйч нар үүнийг боловсруулж байгаа. Мөн нэг сарын хоолны цэсний төлөвлөгөөг ч суралцагчдын эцэг, эхэд хүргэсэн.
Мэдээж 1500 төгрөгийн төсвөөр янз бүрийн хүнсний ногоо авч, хоол хийхэд хэцүү. Тиймээс даваа, мягмар гарагт ч юм уу, энэ мөнгөн дүнгээс давсан өртөгтэй хоол өгнө. Харин үлдсэн өдрүүдийн хоолны төсвийг 700-900 төгрөгт тааруулах гэх мэтээр зохицуулах боломжтой.
-Аминдэм, эрдэс бодисын дутагдал нь ямар хор уршиг, сөрөг үр дагавартай вэ?
-Сүү, сүүн бүтээгдэхүүнээс кальц хангалттай авч чадахгүй байгаагаас ясны бат бөх чанар алдагдана. С аминдэм дутагдсанаас ханиад хүрэх, дархлаа муудах сөрөг талтай. Эслэг сайн авч чадахгүй байвал хоолны боловсруулалт муудах эрсдэл бий.
-Хүүхдийг эхийн сүүгээр хооллох бус, орлуулах бүтээгдэхүүн ашиглах нь түгээмэл. Энэ нь хүүхдийг бага наснаас нь хоол тэжээлийн дутагдалд оруулдаг гэх судлаачид бий.
-Дархлаа дэмжих олон аминдэм эхийн сүүнд агуулагддаг. Харин хуурай сүүнд дархлаа дэмжих гол аминдэм агуулагддаггүй. Хуурай сүүнээс илчлэгээ бүрэн авч чадна. Гэхдээ дархлаа дэмжих аминдэм огт авахгүй гэсэн үг.
-10 жилийн өмнө ч “Хүүхдүүд хоолноос шим тэжээл хангалттай авч чадахгүй байна” гэж манай улсад ярьж л байсан. Гэсэн ч энэ нөхцөл байдал өдий хүртэл өөрчлөгдсөнгүй. Үүний шалтгааныг та ямар хүчин зүйлтэй холбон тайлбарлах вэ?
-Үүнд хариулахаасаа өмнө танаас нэг зүйл асууя. Хоол тэжээлийн талаар боловсрол олгох хөтөлбөрийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай түгээж чаддаг гэж бодож байна уу.
-Хангалтгүй л гэж бодож байна.
-Бүх айл олон төрлийн хүнсний ногоо худалдаж авах боломжгүй шүү дээ. Дэлгүүрээс худалдаж авъя гэсэн ч ногоонуудын нэр, төрөл цөөн, шинэ биш. Улирлын чанартайгаар заримдаа хүнсний ногоо борлуулахгүй байх нь ч бий. Импортын хүнсний ногоо хэрэглэхэд нэгдүгээрт, үнэтэй. Хоёрдугаарт, шинэ биш. Уг нь шинэ ногооны аминдэм баялаг байдаг.
Хооллох соёлтой ч бас холбоотой. Монголчууд өмнө нь амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хаялгүйгээр бүгдийг нь хэрэглэдэг байсан. Жишээ нь, үхрийн мах, сүү, таван цулыг нь ч иддэг. Тэр дундаа таван цулд эрдэс бодис ихээр агуулагддаг. Монголчууд тэдгээрээс хүнсний ногооноос авах шим тэжээлээ хангалттай нөхчихдөг байж. Харин одоо нүүдэлчин соёлоо гээж, өмнөх шигээ хүнс хэрэглэхээ больчихсон. Дотор гэдэснээс авдаг эрдэс бодисоо үүний улмаас авч чадахгүйд хүрсэн. Нүүдэлчин соёлоо хадгалсан бол шим тэжээлийн дутагдалд орохгүй байв. Гэтэл одоо малын дотор гэдэс иддэг хүн цөөрсөн шүү дээ.
-Японд сурагчдын үдийн цайнд ихээхэн анхаарал хандуулдаг. Түүнтэй харьцуулахад манай улсын баримталж буй бодлого хэр оновчтой бол?
-Зөвхөн Япон гэлтгүй олон орны сургуулийн үдийн хоолыг бид судалж үзсэн. Энэ явцад Монгол илүү хичээл зүтгэл гаргаж байгаа нь харагдсан. Учир нь сургуулийн үдийн хоолны хуультай улс тийм ч олон биш. Хууль баталсан цагаасаа л нөхцөл байдлыг өөрчилье гээд хичээж байгаа нь сайшаалтай.
-Хүнсний ногоо хангалттай хэрэглэсэн ч боловсруулалтын шатанд алддаг. Үүнээс болж хоолноосоо эрдэс бодисоо бүрэн авч чаддаггүй гэж үзэх хүмүүс бий.
-С аминдэм агуулсан бүтээгдэхүүнийг хэт их боловсруулахад шим тэжээл нь алдагддаг. Усан суурьтай хүнсний ногоог усанд удаан хугацаанд чанахаар аминдэм нь үгүй болдог. Тиймээс л хоол хийх арга маш чухал.
-Та бүхний хийсэн судалгааны зөвлөмжид үндэслэн манай улсад “Сүү” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь хүүхдүүдийн аминдэм, эрдэс бодисын дутагдлыг нөхөхөд нөлөөлж чадах уу?
-Хэр хэмжээтэй хэрэглэхээс хамаараад газар бүрд өөр үр дүн гарна. Эерэг өөрчлөлт гарна гэж тооцож байна.
-Зөвхөн хүүхдүүд гэлтгүй нийт монголчууд хооллолтдоо хэрхэн анхаарах ёстойг та ажигласан байх?
-Өглөөний цай уудаггүй хүүхэд маш олон байсан. Тиймээс өглөөний цайг заавал уулгаж хэвшүүлэх шаардлагатай. Мөн өдөрт гурван удаа, өөрт хэрэгцээт хэмжээгээр зөвлөмжийн дагуу хооллох нь чухал. Сүү, сүүн бүтээгдэхүүн, малын дотор гэдэс иддэг уламжлалаа сэргээх хэрэгтэй. Үүний зэрэгцээ хүнсний ногоо, жимс, жимсгэнэ хэрэглэвэл тэнцвэртэй хооллолт болно.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн