Финландын Лахти хотод пара бочигийн “Парис-2024” зуны паралимпийн эрхийн оноо олгох тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр өндөрлөх тус тэмцээнд Монголоос дасгалжуулагч С.Алтанхундага, Л.Очгэрэл нарын удирдлагад гурван тамирчин өрсөлдлөө. Тэднээс эрэгтэйчүүдийн С1 ангилалд Т.Мөнхдэмбэрэл шагналын салхи хагалж, мөнгөн медаль хүртэв. Түүний амжилтыг буухиалж, ВС2 ангилалд үндэсний шигшээ багийн тамирчин Х.Ирмүүн хүрэл медаль зүүлээ. Манай улсад энэ спорт 2017 оноос хөгжсөн ч олон улсын тэмцээнээс өмнө нь нэг ч медаль хүртээгүй байсан юм.