Бурхан багшийн их дүйчин өдөр зуны эхэн сарын шинийн 15 буюу энэ сарын 23-нд тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, дээрх өдөр бүх нийтээрээ амардаг болсон билээ. Эл өдрийг Гандантэгчэнлин болон бусад сүм хийд, бурхны шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэхээ өчигдөр мэдээлэв. Тэдгээр байгууллага хамтран энэ жил “Ёс зүйг эрхэмлэе” уриалга дэвшүүлж, хорих ангиуд болон хавдрын эмнэлэгт хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах гэнэ. Мөн өчигдрөөс Гандантэгчэнлин хийд дэх бурхан багшийн дүрүүдэд усан тахил өргөж эхэлжээ. Эл арга хэмжээ энэ сарын 23 хүртэл өдөр бүр 09.00-18.00 цагт үргэлжлэх бөгөөд сонирхсон хүн болгонд нээлттэй аж. Түүнчлэн Бурхан багшийн их дүйчин өдрөөр Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” дуганы өмнө хүндэтгэлийн жагсаал хийх гэнэ.