СЕХ-ноос энэ сарын 2-нд УИХ-ын сонгуульд оролцох 23 нам, хоёр эвсэлд батламжийг нь гардуулсан. Ингэснээр тухайн нам, эвсэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн зардлын дансаа нээлгэх боломжтой болсон юм. Мөн нам, эвслүүд улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байхаар хуульчилсан. Үүний дагуу Монгол Улсын иргэн, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээс хандив авах эрх үүссэн байна. Тиймээс Иргэдийн оролцооны нэгдэл нам (ИОНН)-ынхан энэ сарын 8-наас хандивын аян өрнүүлж эхэлжээ. Тус намын дарга Ц.Оюунгэрэл “Сонгуулийн санхүүжилтээ бид нээлттэй босгохыг зорьж байна. Энэ нь нэг талаар гадаадын иргэн, хуулийн этгээдээс хандив аваагүй гэдгээ нотолж буй юм. Мөн дэмжиж буй нам, эвсэлдээ хандив өгнө гэдэг нь иргэдийн сонгуулийн оролцооны нэг хэлбэр” гэжээ.
Сонгуулийн тухай хуулийн 54.1-т заасны дагуу иргэн 10, хуулийн этгээд 30 сая хүртэлх төгрөгийн хандив өгч болно. Үүний тулд гүйлгээний утга дээр нь Монгол Улсын иргэний бүртгэлийн дугаар, нэр, орлогын эх үүсвэрээ бичих учиртай аж. ИОНН-ын сонгуулийн зардлын дансанд өчигдрийн байдлаар 106 хүнээс 10 265 000 төгрөгийн хандив цугласныг тэд цахим хуудсандаа мэдээлжээ. Түүнчлэн тус намын Төлөөлөгчдийн танхимын хурал энэ сарын 18-нд болж, сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах юм байна.