Манай улсад онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн баярыг тохиолдуулан ОБЕГ-аас нийслэлийн төв талбайд албаа сурталчлах өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа.
Онцгой байдлын хувцас хэрэгсэл, аврах төхөөрөмжүүдийг төв талбайд дэлгэсэн нь зөрж буй иргэдийн, ялангуяа хүүхэд багачуудын сонирхлыг ихэд татна. Энд аврагч, гал сөнөөгчдийн хувцас хэрэгсэл, аврах ажиллагаандаа ашигладаг техникүүдийг дэлгэсэн, бас эрүүл мэндийн тусламж, гамшгаас хамгаалах мэдлэг олгох зэрэг 10 гаруй асар байх бөгөөд бүгд л хүн дүүрэн харагдана.
Өдөрлөгийн гол зорилго нь иргэдэд онцгой байдлын байгууллагын алба хаагчид хэрхэн ажилладгийг сурталчлан таниулахаас гадна цаашид энэ мэргэжлээр суралцаж, ажиллах сонирхолтой оюутан, залууст мэдлэг олгох юм байна. Үүний хүрээнд аврах, эрэн хайх ажиллагаанд шаардлагатай хувцас хэрэгсэл, төхөөрөмжүүдийн үзэсгэлэн дэлгэжээ. Тэдгээрийг алба хаагчид нэгд нэгэнгүй тайлбарлаж байлаа. Эдгээрийн дотор БНХАУ-ын “Matrice 600” загварын дрон болон сүлжээгүй газар утасгүй интернэт цацах төхөөрөмж байх аж. Эдгээр нь хүүхэд багачууд төдийгүй ахмадуудын сонирхлыг ихэд татна. Тэнд ирсэн бүхэн алба хаагчдаас тайлбарлаж өгөхийг хүсэж, ээлжээ хүлээн зогсоно.
Дээрх дрон нь нэг удаадаа ойролцоогоор 28-30 минут нисэж, таван кг ачаа зөөвөрлөх чадвартай. Хамгийн хурдандаа 90 км цаг хурдлах хүчин чадалтай гэнэ. Уг төхөөрөмжийг онцгой байдлын байгууллагынхан ихэвчлэн ой, хээрийн түймрийн тархалтыг тодорхойлох болон эрэн хайх, аврах ажиллагаанд ашигладаг аж. Тэгвэл утасгүй интернэт цацах төхөөрөмж нь сансрын холбооны станцаар дамжуулан Монгол Улсын хаана ч ажиллах боломжтой гэдгээрээ онцлогтой. Ингэснээр алба хаагчид гар утас, зөөврийн компьютероо ашиглан хаанаас ч интернэтэд холбогдох боломжтой гэнэ.
Өдөрлөгийг зорин ирсэн иргэд эрэлч ноход болон эрэн хайх төхөөрөмжүүдийг ихэд сонирхож байв. Дэргэдүүр нь зөрж буй хүүхэд багачууд эрэлч нохдыг илж, тэдэнтэй тоглож буй харагдана. Ноход дуулгавартай гэгч нь хүүхдүүдийг ажиглаж, тэдэнд эрхэлнэ. Тэдгээрийн дотроос Говь-Алтай аймгаас ирсэн Мики нэртэй, герман хоньч нохойг илэхээр хүүхэд багачууд дугаарлан зогсох аж. Микийг хариуцагч эзэн нь Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын аврагч, нохой хөтлөгч Н.Сугар юм. Тэрбээр “Нохойгоо хариуцаж албан үүргээ гүйцэтгээд гурван жил болж байна. Гэр бүлийн гишүүн шиг байдаг. Амралттай үед уулзалгүй хэд хоноход л санадаг. Тиймээс Микийг хоёр жилийн дараа тэтгэвэртээ гарахаар нь авч, цаашид асарч хамгаална” гэв. Албаны нохой Микигийн хувьд дуулгавартай байдлын дасгал буюу суу, хэвт, бос, зогс гэх ерөнхий дөрвөн командыг хэлсэн даруйд нь биелүүлэх аж. Мөн тэр 2021 оноос хойших гурван жилийн хугацаанд оролцсон ажиллагаа бүрдээ амжилт гаргасан гэнэ.
Албаны ноход ихдээ л зургаан жил үүрэг гүйцэтгэдэг аж. Зургаагаас дээш насанд хүрэхээрээ сонсох, үнэрлэх мэдрэмж нь муудаж, ачаалал даах чадвар нь буурдаг гэж үздэг юм байна. Эрэлч нохойн албанд 21 аймгаас нохойд хайртай залуусыг татан авч сургадаг. Ингэхдээ эзэн, нохой хоёрыг Улаанбаатарт авчран, хооронд нь дасгах сургуулилалтыг нэг сар хийлгэдэг гэнэ. Үүний дараа хоорондоо хамгийн нийцтэй, дассан байдлаар нь нохдыг эзэнд нь хуваарилдаг байна. Тэд эхний удаад зургаан сарын турш сургалтад хамрагддаг. Үүний дараа жил бүр тогтмол нэг сарын сургалтад хамрагддаг гэнэ. Ноход тэтгэвэртээ гарах цаг нь болоход ихэвчлэн хариуцаж буй эзэд нь авдаг тухай нохой хөтлөгчид онцолсон. Учир нь тэд хамтдаа үүрэг гүйцэтгээд багагүй хугацааг үдсэн тул салж хагацах аргагүй анд нөхөр болдог гэв.