УИХ-ын хаврын ээлжит чуулганыг ирэх долоо хоногоос түр завсарлуулах сурагтай. Угтаа өнөөгийн төрийн эрх барих дээд байгууллагыг бүрдүүлж дөрвөн жил ажилласан гишүүд бүр явж байгаа хэрэг. Хэд нь эргэн ирж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ үргэлжлүүлэн эдлэх вэ гэдэг нь сар гаруйнхны дараа тодорхой болно.
Санаагаар болдог сон бол ээлжит сонгуулийг товлосон үед УИХ-ыг хуралдуулдаггүй баймаар. Эсвэл сонгуулийн жил эхэлсний дараа хаврын чуулган хийхгүй гээд хуульчлах нь зүйтэй мэт. Сонгуультай жил болгон хууль тогтоох эрх мэдлээ улс төрийн шоу хийх индэр болгон ашигладаг явдлаас олон нийт залхаж гүйцлээ. Үнэндээ хуралдаа суухгүй, тайлан тавих нэрээр сурталчилгаагаа хийх гэж тойрогтоо төвхнөдөг гишүүд, тэр дундаа олонхыг бүрдүүлж буй эрх баригчид Төрийн ордонд тоотой хэдхэн удаа үзэгдэхдээ сонгогчдод таалагдах, саналыг нь авахад зориулсан хууль, тогтоол л баталж ирлээ.
Сонгуультай жил болгон хууль тогтоох эрх мэдлээ улс төрийн шоу хийх индэр болгон ашигладаг явдлаас олон нийт залхаж гүйцлээ. Үнэндээ хуралдаа суухгүй, тайлан тавих нэрээр сурталчилгаагаа хийх гэж тойрогтоо төвхнөдөг гишүүд, тэр дундаа олонхыг бүрдүүлж буй эрх баригчид Төрийн ордонд тоотой хэдхэн удаа үзэгдэхдээ сонгогчдод таалагдах, саналыг нь авахад зориулсан хууль, тогтоол л баталж ирлээ.
Сонгуулиас сонгуульд энэ нь гаарч, өнөө жил оргилдоо хүрэв. Эхэндээ намын бүлэг, байнгын хороод, нэгдсэн хуралдаан нь ирцгүй тул хойшилж байсан бол сүүлдээ хэлэлцэх асуудлын хуваарь гаргахаа байж гишүүдийг тал тал тийш тарж одохыг нь зөвшөөрч, цагаандаа гарсан юм.
Баталсан хуулиудыг нь харъя. Уг нь УИХ-ын дарга энэ удаагийн чуулганыг нээхдээ “2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацааны отгон чуулган болно. Тэр ч утгаараа ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон эрхэм гишүүд, энэ парламентын хувьд онцгой чухал ач холбогдолтой чуулган болох ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлсэн, эхлүүлсэн цогц өөрчлөлт, шинэчлэлээ гүнзгийрүүлж дуусгах нь чуулганы зорилт байх болно” хэмээн мэдэгдсэн. Үүний дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн батлах байсан эл хуулийг “томилолт”-ынхоо эхэнд бус, төгсгөлд өргөн барьж, гялс амжуулах нь тэр.
Ингээд Хуримтлалын сангийн дансаа нээж, стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашгийг төвлөрүүлэн, ипотекийн зээлээр орон сууц худалдан авахыг хүссэн иргэдийнхээ “магнайг тэнийлгэлээ”. Чухамдаа эрх баригчид ингэж хэлүүлэх гэж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг дөрвөн жил хав дарж, сонгуулийн “хөзөр” болгон гаргаж ирэн батлууллаа хэмээн шүүмжлэхээс аргагүй үйл явц өрнөж байна. Мөн Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчим, УИХ-ын төсөв батлах бүрэн эрхийг зөрчсөн гэж үзэж нэр бүхий иргэд Цэцэд хандаад байна. Энэ хуулийг нэн яаралтай баталсан нь “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлэх нэрээр их хэмжээний мөнгөөр малчдын саналыг худалдаж авах гэж байна гэх үндэслэл тавьж буй.
Ний нуугүй хэлэхэд, Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд холбогдох хууль тогтоомжуудыг нийцүүлэн шинэчилнэ гэдэг нь зөвхөн одоогийн төдийгүй энэ парламентын хийхээр төлөвлөсөн бүх ажлын цөм нь. Нийгмийн харилцааг нэлээд өргөн хүрээнд зохицуулдаг, суурь шинжтэй 30 орчим хуулийг үүнд багтаасны нэг нь л Үндэсний баялгийн сангийн тухай хууль. Эдгээрээс Төрийн болон орон нутгийн өмчийн, Ард нийтийн санал асуулгын, Шүүх байгуулах, Засгийн газрын, Ерөнхийлөгчийн, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль зэргийг хэлэлцэхгүй нь бололтой, ихэнхийнх нь төсөл ч алга. Заримыг нь өргөн барьсан ч батлаагүй л байна.
Тухайлбал, Үндсэн хуулийн 48.1 дэх хэсэгт 2019 онд “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” хэмээх нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, хүн ам, газар нутаг, шүүгчийн ажлын ачааллыг харгалзан тойргийн шүүх байгуулж болох үндэслэл, журмыг нарийвчлан тогтоох зохицуулалтыг Шүүх байгуулах тухай хуульд тусгах ёстой. Цаашлаад шүүхийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх, тойргийн зарчмаар шүүх байгуулах нь шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр чөлөөлөх, шилжүүлэх үндэслэл болохгүй байх зохицуулалтыг хуульчлах шаардлага тулгарч буй. Энэ мэт нэмэлт, өөрчлөлтийг тусгасан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газраас УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж эхэлсэн. Үүний сацуу хялбар хэргийн буюу зөвшөөрлийн, гэр бүл, хүүхдийн болон авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхийг уг хуулиар байгуулахаар заасан юм.
Ингэхдээ авлигын хэргийн шүүхийг байгуулах хүртэл энэ төрлийн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхгүй байх төсөл дагалдуулсан. Өөрөөр хэлбэл, хоёр шатаар буюу давж заалдах шатны шүүх анхан, Дээд шүүх давж заалдах шатны шүүхийн журмаар ажиллаж, авлига, албан тушаалын гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэхээр тусгасан нь Ардын намынхныг сонгууль угтсан үйл ажиллагаа явуулж эхэллээ, ялангуяа улс төрчид бие биеэ, одоогийн нөхцөлд эрх баригчид АН тэргүүтэй сөрөг хүчнийхэн, өрсөлдөгчдөө намнах, өөрсдийнхөө хууль бус үйлдэл, хахууль, авлигыг нууж, бүдгэрүүлэн, ял завших “цоорхой” гаргах нь гэж хардахад хүргэсэн юм. Энэ нь ч төслийн хэлэлцүүлэгт нөлөөлөв. Эрх зүйн орчныг нь сайжруулах үндсэн зорилгоосоо илүүтэй өөрсдөдөө ашигтай, улс төрийн оноо авахад чиглэсэн санаархал нь хууль батлах үйл явцад саад болчихлоо.
Мөн энэ сарын эхээр Засгийн газраас Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлэв. “20 минутын хот” эрх зүйн цогц реформыг үүгээр эхлүүлж буйгаа мэдэгдэж, нийслэл Улаанбаатараас гадна Хөшигийн хөндий буюу Шинэ Зуунмод, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэхээ зарлав. Бас Улаанбаатарыг 14 хот, нийслэлийн 204 хороог 42 нэгж буюу орон нутгийн хотын статустай болгон томсгох гэнэ. Монголын зовлон болтлоо томорсон Улаанбаатарын утаа, түгжрэл зэрэг нь гэнэт гараад ирсэн асуудал биш. Гэхдээ үүнийг шийднэ гэж тооцсон гаргалгаагаа бүрэн эрхээ дуусгахдаа буюу сонгуулийн өмнө танилцууллаа. Иймд эрх баригчдыг “шоудлаа” хэмээн шүүмжилж, бодитой хэрэгжүүлнэ гэж итгэхгүй, эргэлзэх нь зүйн хэрэг.
Энэ чуулганы эхэнд УИХ-ын дарга ногоон автобусны худалдан авалт болон ашигт малтмалын лиценз, газар олголтын байдалд хяналт шалгалт хийх түр хороо нээлттэй сонсгол зохион байгуулж, Монголын баялаг, ард түмний өмчийн хулгай луйврыг илчлэх ёстой хэмээн сүржигнэсэн. Ирэх мягмар, лхагва гарагт “ногоон автобус”-ны сонсгол болно. Үүгээр эрх баригчид өөрсдийгөө бус, өмнө нь ажил хариуцаж байсан албан тушаалтан, сөрөг хүчнийхнийг буруутгах нь гэж хардаж буй. Харин ашигт малтмалын лиценз, газар олголтын байдалд хамтатган хяналт шалгалт хийх түр хорооны удирдлага үүнийг нүсэр ажил тул тус тусад нь салгаж шалгах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн. Улмаар Улаанбаатарт олгосон газартай холбоотой асуудлаар сонсгол хийхгүй гэж зарлаад байна. Ашигт малтмалын лицензийг хянан шалгах ажлыг зогсоосон гэх мэдээлэл үгүй ч үргэлжилж байгаа шинж алга. Мөн эмийн гэх түр хороо хэдэн өдрийн турш сонсгол явуулсан ч замбараагүй, зохион байгуулсан хүмүүс нь хувийн “тоглолт” хийх гэж улайрсан юм.
Түүнчлэн бараг гурван жилийн өмнө Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг шуурхайлахаа мэдэгдсэн ч хөдөлгөсөнгүй. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг төсөлд холбогдох тайлбар, дүгнэлт сонссон ч анхны хэлэлцүүлгээ даваагүй, хэвээрээ. УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлахад бэлэн болгоод буй ч багагүй шүүмжлэл дагуулсан юм.