Манай улсад өнгөрсөн онд ирсэн жуулчдын 23 хувь буюу 153 мянга гаруй нь “Говь” ХК-ийн үйлдвэр, нэрийн дэлгүүрт зочилж, ноолууран бүтээгдэхүүн худалдан авсныг саяхны нэгэн арга хэмжээний үеэр судлаачид танилцуулсан юм. Тус компанид орлого оруулсан гадаад үйлчлүүлэгчдийн 75 хувь нь солонгос, 10 хувь нь хятад, дөрвөн хувь нь орос, япон жуулчин байж. Цаашид ноос, ноолууран бүтээгдэхүүн сонирхогч жуулчны тоо эрчимтэй өсөж, дээрх үзүүлэлт “цойлох” тооцооллыг мэргэжилтнүүд гаргаад байна. Энэ мэдээлэл түгсний дараахан “Ханбогд кашмер”, “Монгол нэхмэл” компанийнхан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ жуулчдад ойртуулах алхам хийлээ. Тэд тур оператор компанийн төлөөлөл, хөтөч, тайлбарлагчдад бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл явц, шат дамжлагаа танилцуулж, жуулчид дагуулан ирвэл хүлээж авахад хэзээд бэлэн гэдгээ илэрхийлэн, хотын аяллын маршрутад үндэсний компаниудаа багтаахыг уриалав. Үүнээс гадна “Дархан нэхий”, “Эвсэг кашмер” компаниуд ч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаадынханд хүргэх болж. Ноос, ноолуур, нэхий, хөөвөр ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг үндэсний, томоохон компаниуд энэ мэтчилэн үйлдвэрлэлд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр сүүлийн үед тун идэвх санаачилгатай ажиллаж байна.
Дэлхийн улс орнууд factory tour буюу үйлдвэрийн (үйлдвэрлэлийн гэж ярих нь ч бий) аяллыг аялал жуулчлалын салбарын гол төвд байлгасаар өнөөг хүрчээ. Олон улсад аялагчдын 25-33 хувь нь ийм зорилгоор өөр бүс нутаг, орон руу зорчих шийдвэр гаргадаг гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (WTO)-ын судалгаанд дурджээ. Өөрөөр хэлбэл, тодорхой зорилго, зохион байгуулалттайгаар ямар нэгэн үйлдвэр, түүний дэргэдэх үзмэр, үйлчилгээний газарт хэсэг бүлгээрээ зочилж, бараа, бүтээгдэхүүн хэрхэн бий болдог үйл явцтай газар дээр нь танилцдаг гэсэн үг. Хүн нүдээр харж, биеэр мэдэрсэн зүйлдээ илүү их итгэл үнэмшилтэй ханддаг тул үйлдвэрийн аялал нь компаниудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийгэм, олон улсын зах зээлд эергээр сурталчлан таниулах, нэр хүнд, борлуулалтаа өсгөх боломж олгодог. Түүнчлэн аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлдэг ач холбогдолтой.
Улс орнууд өөрсдийн аж байдал, өв соёл, эрхэлдэг аж ахуй болон үндэсний томоохон үйлдвэр, бизнесүүддээ түшиглэн энэ чиглэлийн аяллыг хөгжүүлдэг юм байна. Ялангуяа бүтээгдэхүүнээрээ олон улсын зах зээлд танигдсан томоохон компаниуд өдөр тутмын үйл ажиллагаа, цехийн шат дамжлага, боловсруулалт зэргийг танилцуулаад зогсохгүй дэргэдээ музей, тусгай үзүүлэнгийн хэсэг, дагалдах үйлчилгээнүүдийг бий болгож, жуулчдыг татдаг аж. Герман улс гэхэд суудлын автомашин болон мотоцикл үйлдвэрлэгч BMW, амтлаг чихэр нийлүүлэгч “Haribo”, дэлхийн хамгийн том, улаан буудайн шар айрагны “Erdinger”, “Jagermeister” нэрт ликёрын үйлдвэрийн аяллаараа алдаршжээ. Америкчууд “Коna” кофе, “Сape cod” чипс, “Hammonds candy”, “Hershey”s chocolate”, “Ben and Jerry”s ice cream” зэрэг амттан, хүнсний үйлдвэрлэлтэй танилцах аяллаараа гадаадынхны “арааны шүлсийг асгаруулдаг” гэнэ. Тайвань аж үйлдвэрийн хөгжил дэвшилд тулгуурлан байгуулсан Эрүүл мэндийн болон Металлын музей, Итали улс “Ferrari”, “Lamborghini”, “Ducati”, Ирланд “Guinness” шар айраг, Америк “Coca cola”-гийн үйлдвэр, нэрийн дэлгүүр, музей, үзмэрийн хэсэгтэй танилцах аяллаараа олон улсын жуулчдыг “шууруулдаг” юм байна.
Түүнчлэн эрхэлдэг аж ахуй, гар урлал, хоол хүнс, идээ ундаа бэлтгэдэг соёлд тулгуурласан, өөрсдийн гэсэн нэрийн аяллаараа алдаршсан улс ч цөөнгүй аж. Энэтхэг улс цайны ургамал тариалах, түүж бэлтгэх, эцсийн бүтээгдэхүүн бэлтгэх үйл явцыг жуулчдад танилцуулдаг аяллыг бүс нутагтаа үлгэр жишээ хөгжүүлжээ. Лаосчууд цагаан будаа, эрдэнэ шиш, газрын самар, итали, францчууд дарс, япончууд улаан буудайн гурилаар хийсэн гоймон (рамен), нутаг нутгийн онцлог бүхий будаа, бразилчууд кофег үйлдвэрлэлийн аяллын “гол дүр” болгож чадсан байна. Дэлхий нийтийн хэрэглээ болсон эдгээр хүнсний бүтээгдэхүүн тариан талбайгаас хэрэглэгчдийн гарт хүртлээ ямар шат дамжлагыг хэрхэн туулдгийг жуулчид ихээхэн сонирхдог тул газар тариалан, бизнес эрхлэгчид, орон нутгийн иргэд тэдэнд “ноу-хау”-гаа үнэд хүргэж худалддаг аж. Харин манай улсад энэ төрлийн аялал төдийлөн хөгжөөгүй ч цаашид дэмжиж, жуулчдыг татах боломж бий.
Монголын аялал жуулчлалын холбооны нэгэн судлаач “Монголын ийм үйлдвэрт л очъё” гэж зорьж, төлөвлөж ирдэг жуулчин бараг байхгүй. Учир нь манайд энэ төрлийн аялал хөгжөөгүй. Ямар нэгэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд ирж буй бүлэг жуулчин үйлдвэр, үйлчилгээний газраар зочлох нь бий. “Цэвэр” аяллын зорилгоор ирдэг хүмүүс дэлгүүр, музей зэргээр зочлоод л буцдаг. Үйлдвэрүүдийг аяллын хөтөлбөр, маршрутдаа багтаасан агент, тур оператор ч цөөн. Сүүлийн үед АПУ, “Говь”, “Монос” зэрэг цөөн компани жуулчид хүлээж авах болсон” гэсэн юм.
Монгол бол бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг цөөн орны нэг. Малын ашиг шимийн үзүүлэлтээрээ ч дэлхийд дориун үнэлэгддэг. Энэ үүднээсээ малын гаралтай түүхий эд боловсруулах чиглэлээр ажилладаг компаниуд, фермийн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг жуулчдад сонирхуулж, мөнгө олох боломжтой. Эрчимжсэн мал аж ахуй дэлхий дахинд хүчээ авч буй өнөө үед монголчууд мал сүргээ бэлчээрт хэрхэн адгуулж, өсгөж үржүүлэн, ашиг шим хүртдэг нь жуулчдын анхаарлыг татах нь эргэлзээгүй. Жишээлбэл, Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт саалийн үнээтэй өрхүүд нэгдэн байгуулсан, 400 гаруй үхэртэй, Монголын анхны кластер ферм, 1958 онд Сүүний үйлдвэр нэртэйгээр үүсэн байгуулагдаж, хожим хувьчлагдсан, өдгөө 20 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Сүү” хувьцаат компанийн үйлдвэрийг жуулчдад сонирхуулж болно. Хөдөөгийнхөн цагаан идээгээ хэрхэн боловсруулж байгааг ч малчны хотноос бодитоор нь үзүүлэх боломж бий.
Хөдөө аж ахуйд суурилсан хөнгөн үйлдвэр, ноос, ноолуурыг сурталчлан таниулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх боломжтойг аж ахуйн нэгжүүд олж харж, эхнээсээ санаачилга гаргаж байгаа нь сайшаалтай. “Монгол нэхмэл” бол нэгэн жарны түүхтэй, манай улсын ууган аж ахуйн нэгж. Эднийх хонь, тэмээний ноос, сарлагийн хөөвөр, ямааны ноолуураар 600 гаруй нэр, төрлийн хувцас, ахуйн хэрэглээний нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад, дотоодын зах зээлд нийлүүлдэг юм билээ. “Говь”-ийнхон ч монгол ноолуурыг дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулагч, манай ууган үйлдвэрүүдийн нэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Одоо харин тэд аялал жуулчлалаар дамжуулан олон улсын зах зээлд танигдах хэрэгтэй. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад компанийнханд ч ийм боломж буй.
Цаашлаад Оюутолгойн гүний уурхайгаа жуулчдад үзүүлэх боломжтой. Дэлхийн түвшний гүний уурхайн төслийг хэрэгжүүлж буй эзэн орны хувиар, 2030 он гэхэд зэсийн олборлолтоороо дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх амбицтай томоохон цогцолбороороо жуулчдын анхаарлыг татаж яагаад болохгүй гэж. Оюутолгойн орд нөөц, уурхайн хүчин чадлаараа дэлхийд эхний тавд эрэмбэлэгддэг учир үйлдвэрлэлийн аялал жуулчлалын онцгой бүтээгдэхүүн болгох бүрэн боломжтой. Мөн Бэрхэд байгуулсан далд уурхайн музейгээ ч ийм зорилгоор ашиглаж болох юм. Дэлхий дахинд уул уурхайн олборлолт, хүнд машин маханизм, том оврын техник хэрэгслийн үйлдвэрлэлд тулгуурласан тусгай сонирхлын аялал жуулчлал ч дориун хөгжсөн байдаг юм билээ.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан “Аялал жуулчлалын төлөв байдлын тайлан”-д “XVIII-XIX зууны хооронд буюу гар үйлдвэрлэлийг халж, машин-төхөөрөмжийн тусламжтайгаар бараа таваарыг олноор нь үйлдвэрлэж, бүтээмжтэй ажиллах болсон үеэс үйлдвэрийн аяллын үндэс суурь тавигдсан. Үйлдвэрийн аяллын хөгжлийн эхэн үед хувцас, ваар, шил зэрэг ахуйн жижиг хэрэгсэл үйлдвэрлэгчид алдартай байсан бол өнөө цагт техник хэрэгсэл, сансрын хөлөг зэрэг том оврын бүтээгдэхүүн нийлүүлэгчид анхаарлын төвд байна. АНУ-ын хамгийн том, онгоц, пуужин, хиймэл дагуул үйлдвэрлэгч “Боинг” корпорацын цехийн аялал үүний нэг жишээ. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн, архи, согтууруулах ундааны үйлдвэрүүд энэ зах зээлд “гол тоглогч”-ийн байр сууриа хадгалсаар байгаа” гэжээ.
Улс орнууд, “утаагүй үйлдвэрлэл” эрхлэгчид хотын аяллын маршрутад эх орныхоо нэрийн хуудас болсон томоохон үйлдвэрүүдийг бодлогоор багтаадаг юм байна. Япон Улс гэхэд үндэсний соёлоо сурталчлах зорилгоор хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийнхээ хүрээнд жилд гадаадын олон мянган иргэнийг эх орондоо аялуулдаг бөгөөд энэ үеэрээ “Панасоник”, “Мицүбиши” зэрэг томоохон корпорацаас эхлээд муж, хотын жижиг, дунд үйлдвэрүүдийг хүртэл тэдэнд танилцуулдаг юм билээ. Компаниуд нь ч бусдын гар харалгүй, жуулчдыг татах зорилгоор музей, үзүүлэн, туршилтын талбай байгуулан, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүргэдэг. “Coca cola” үйлдвэрийн үйл ажиллагаагаа танилцуулах аяллыг 13-17, “Triumph” 28, “Bentley motors” 40 ам.доллароор үнэлж, олон улсын цахим платформуудаар дамжуулан жуулчдад борлуулж байна. Харин манай улсын үйлдвэрүүд голдуу аялал жуулчлалын компаниуд, хөтөч, тайлбарлагчдад “хувь хүртээх” тохироо, хэлцэлтэйгээр жуулчдыг авчруулдаг аж. Цаашид дэлхий нийтийн жишгээр жуулчдад зориулсан тусгай орчин, дагалдах үйлчилгээ бий болгох замаар аялагчдыг татах шаардлагатай. Үйлдвэрийн аялал гадаад гэлтгүй дотоодын жуулчдад сонин содон байх нь дамжиггүй.