Богд хааны ордон музейгээс “Бурхан багшийн лагшин эрдэнэс” үзэсгэлэнг өнөөдрөөс олон нийтэд толилуулна. Уг үзэсгэлэн ирэх сарын 2 хүртэл үргэлжлэх нь. Олон улсын музейн өдөр, Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буй. Үүний хүрээнд дээрх музейд бурхан багшийн цахиур эрдэнийг олон нийтэд үзүүлнэ. Мөн БНСУ дахь Олон улсын Буддагийн музейгээс бурхан багшийн хуруу эрдэнэ, үс эрдэнэ, таван өнгийн ринсрэл зэрэг дэлхийд нэн ховор шүтээнийг энэ сарын 20-24-нд үзэсгэлэнгийн танхимд дэлгэх нь. Өөрөөр хэлбэл, олон улсын музейд хадгалдаг шүтээнүүдийг дэлгэхээрээ уг үзэсгэлэн онцлогтой юм байна.
Бурхан багш нирвааны дүр үзүүлснээс хойш шавь нар нь Энэтхэг улстай хиллэдэг Мьянмарын хилийн бүсэд суварга босгож ринсрэл буюу чандрыг нь залж, шороогоор хучин хиймэл уул бүтээжээ. 1912 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус уул 2500 жил хадгалсан нууцаа дэлгэсэн байна. Малтлагын үр дүнд Буддагийн ринсрэл эрдэнийг залсан суврагуудыг олсон нь дэлхий дахины анхаарлын төвд орсон гэнэ. Улмаар Олон улсын Буддагийн музейг байгуулжээ. Уг музей нь сүсэгтнүүдийн хамгийн ихээр зорин очдог газрын нэг болжээ.
Бэлтгэсэн А.Үүлэн