Монголын хөл бөмбөгийн холбооноос өнгөрсөн хоёрдугаар сард хөвгүүдийн 14 хүртэлх насныхны лигийн АШТ-ийг эхлүүлсэн билээ. Футзалын ордонд гурван сар үргэлжилсэн эл тоглолтод УАШТ-д оролцсон багуудаас шилдэг найм нь өрсөлдөж шилдгээ тодруулав. Нийт 56 тоглолт өрнөснөөс Б.Орхон дасгалжуулагчтай “Дэрэн” клубийнхэн тус бүр нэг хожигдол, тэнцээ, 12 ялалт байгуулж аварга боллоо. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Н.Баттулга дасгалжуулагчтай “Хараацай” клубийнхэн мөнгө, Д.Батнасан дасгалжуулагчтай “Эрчим”-ийнхэн хүрэл медаль хүртсэн. Дээрх лигийн шилдэг хаалгачаар М.Даваажаргал (“Эрчим”), шилдэг довтлогчоор Б.Сайнбаяр (“Хараацай”), шилдэг тоглогчоор З.Эрхэмбаяр (“Дэрэн”) шалгарсан юм. Энэ жил “Хараацай” клубийн 25 жилийн ой тохиож буй. Тус клубийнхэн шилдэг тамирчдыг шагнаж, үе үеийн шигшээ багт тоглож байсан Г.Батгүн, Т.Мөнхтүвшин, Б.Ариунболд нарт дурсгалын зүйл гардуулжээ.