Олимпын нээлт болоход 100 хүрэхгүй хоног үлдлээ. Парисын “Шарль-де-Голль” нисэх онгоцны буудлын I терминалд аварга том хэмжээтэй Олимпын цагирагуудыг байрлууллаа. Олимпын наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Тони Эстанге "Өнөөдөр “Парис-2024”-ийн хувьд томоохон бэлгэдлийн шинжтэй алхмыг хийлээ. Энэ нисэх онгоцны буудал бол наадмын хувьд маш чухал газар болохыг эдгээр цагариг хамгийн тодоор илэрхийлж байна. Бид бэлэн болсон, та бүхнийг угтан авах тэр мөчийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн онцоллоо. Парисын Олимп ирэх долдугаар сарын 26-нд эхэлж, 17 хоногийн турш үргэлжилнэ.
Эх сурвалж: Кёодо ньюс