Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан залуучуудын лигийн АШТ өндөрлөлөө. Тус тэмцээнд 19 хүртэлх насныхны таван клубийн 90 тоглогч ур чадвараараа өрсөлдөж, аварга багийг тодруулав. Ана мана тоглосон олон өрсөлдөгчөөс энэ удаа Л.Банзрагч дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл базаасан “Хан жигүүртэн” клубийнхэн 21 оноогоор түрүүлж, алтан цомын эзэн болов. Тэдэнтэй түрүү байр булаалдсан М.Галмөнх дасгалжуулагчтай “Эрхэс”-ийн тоглогчид (19 оноо) мөнгө, П.Мөнхбат дасгалжуулагчтай “Халиун-Од”-ын тамирчид (11 оноо) хүрэл медаль хүртсэн юм. Тэргүүлсэн клубийнхнээс Д.Алтаншагай шилдэг хаалгач, учраа таарсан багийн хаалганд 24 гоол оруулсан амжилтаар Г.Эрхтөр мэргэн бууч, Б.Түвшинбаяр шилдэг тоглогчоор шалгарсан байна.
Хөл бөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, эл спортыг улсдаа хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүнийг элч төлөөлөгчөөр томилдог уламжлалтай билээ. Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаярыг хөл бөмбөгийн элч төлөөлөгчөөр томилжээ. Тэрбээр Унгарын Пушкаш академид монгол тоглогчдыг суралцуулахад гар, бие оролцон ажиллаж байв.