Улсын хэмжээнд ашигт малтмалын 2736 тусгай зөвшөөрөл олгогдсоноос ашиглалтын 1726, хайгуулын 1010 зөвшөөрөл бий. Үүнээс говийн бүсийн дөрвөн аймагт, ашигт малтмалын 725 тусгай зөвшөөрөл олгогдсоноос ашиглалтын 466, хайгуулын 259 зөвшөөрөлтэй. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас говийн бүсийн байгаль орчин, экологийн тэнцвэрт байдал болон тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөх асуудал буурахгүй байгаа талаар ХЭҮК-оос мэдээллээ. Ялангуяа говийн бүсэд усны нөөц нь тулгамдсан асуудал юм.
2008 оноос хойш хийсэн хэд хэдэн судалгаанд Таван толгойн бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа цаашид эрчимжсэн тохиолдолд 2030 он гэхэд газрын доорх их гүний усны нөөц хүрэлцэхгүй болох эрсдэлтэйг тооцоолжээ. Цаашид ч говийн бүсэд уул уурхайн усны хэрэглээ нэмэгдэх төлөвтэйг уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дахь усны хэрэглээний өнөөгийн байдал, хэтийн төлөв, төлөвлөлтөөс харагдаж байна. Тухайлбал, ирээдүйд хэрэгжих томоохон төслүүд болох Сайншанд дахь Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд 2.1 сая м3, Дундговь аймагт хэрэгжих Нүүрс хийжүүлэх үйлдвэрүүдэд 9.9 сая м3, Зэс баяжуулах, хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрүүдэд 8.6 сая м3, Төмөрлөгийн үйлдвэрүүдэд 9.2 сая м3 зэргээр технологийн усны хэрэгцээ үүсэх судалгаа гарчээ.
Иргэд, аж ахуйн нэгж, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн төслийн усан хангамжийг найдвартай байдлыг хангах чиглэлээр Өмнөговь аймаг “хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө (2020-2022 он)”, “ойн менежментийн төлөвлөгөөг (2021)” "Говь+Ус" хөтөлбөрийг ИТХТ-ийн тогтоолоор батлан, бодлогын түвшинд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Харин бусад аймгуудын хувьд усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл алга. Тиймээс уул уурхайн усны ашиглалтын судалгааг бүсийн хэмжээнд тогтмол хийж, нээлттэй мэдээлэх, улсын болон орон нутгийн төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлж буй уул уурхайн үйл ажиллагаанаас олж буй орлогын тодорхой хэсгийг говийн бүсийн хөрсний усыг хамгаалах, дэмжихэд зарцуулах шаардлагатай гэдгийг Хүний эрхийн төлөв байдлын талаарх 2023 оны тайланд дурджээ.
Уул уурхайн компанийн үйл ажиллагаанаас үүдэж хүн, мал, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, иргэд, малчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх, хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явцад тухайн бүс нутаг дахь иргэд, малчдыг үнэн зөв мэдээллээр хангахгүй, тэдэнтэй зөвлөлдөх, зөвшилцөх үйл явцыг бодитоор хэрэгжүүлэхгүй байгаагаас иргэд, хувийн хэвшлийн хооронд маргаан үүсэх, байгаль орчны хүний эрхийн хамгаалагчдын үйл ажиллагааг хязгаарлах, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчсөн тохиолдол цөөнгүй гарч байгаа онцолсон. Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт ажиллаж буй “Бадрах энержи” ХХК-ийн үйл ажиллагаа нь малын удмын сан болон малын өвчин хорогдол, үхлийн шалтгааныг судалж тогтоодоггүй, мөн компанийн нөлөөллийн бүсийн ундны усны худгуудад хийсэн шинжилгээний хариуг үндэслэн тодорхой арга хэмжээ авахгүй байгаагаас иргэдийн ундны усны аюулгүй байдал алдагдаж, цэвэр усаар хангагдах эрх зөрчигдсөн, иргэд, малчид, нутгийн иргэдийн иргэний байгууллагууд нэгдэж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлаар тайван замаар жагсаал, цуглаан хийж, үзэл бодлоо илэрхийлэх явцад эрх зөрчигдөж улмаар шахалт хавчилтад өртөх болсон талаар нэр бүхий 500 гаруй иргэдийн гарын үсэгтэй гомдол ХЭҮКомисст иржээ. Комиссын хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн уг асуудлыг шалгаж үзээд 10 заалт бүхий Зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлж, хэрэгжилтийг нь хангуулах арга хэмжээ авч ажилласан. Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж, амьдардаг иргэдээс судалгаа авч, боомтын удирдлагуудтай уулзалт хийжээ. Тус бүсэд сургууль, цэцэрлэг байхгүйн улмаас хүүхдүүд аймаг дамжиж сургуульд суух, айлд байрлаж байна. Тиймээс уг асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг холбогдох яамдууд анхааралдаа авч ажиллахыг зөвлөжээ.