Прокуророос шүүгдэгч С.Ж, Х.Ө нарыг эмчлэгч эмч, эх баригч бага эмчээр ажиллаж байхдаа 20.. оны .. дүгээр сарын ... -ны өдөр дуудлагын дагуу .... сумын ... тоотод очиж, ... сартай жирэмсэн С ухаан алдсан байдалтай байхад нь эмч нар нь хамт үзлэг хийж, онош тавилгүйгээр ... аймгийн ... сумын эрүүл мэндийн төв рүү тээвэрлэн хүргэжээ. Улмаар өвчтөнд яаралтай тусламжийн үеийн тусламжийг дутуу үзүүлсэн, багаар тусламж үзүүлээгүй, амь насанд аюултай тээвэрлэлт хийсэн зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс ... сартай жирэмсэн ... нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 зүйлийн 3 дахь хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс эсхүл үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр” заасан.
Шүүгдэгч нар нь өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч оношийг зөв тавиагүйгээс буруу эмчилгээ хийж, амь насанд аюултай тээвэрлэлт хийснийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж шүүх үзсэн.
Шүүх шүүгдэгч С.Ж, Х.Ө нарыг Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэм буруутай тооцож, шүүгдэгч тус бүрийг эмнэлгийн эмчлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв.