ХҮЭК-оос Зүүн, Төв, Говийн бүсийн аймгуудад хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийж байна.
Төвийн бүсийн хэмжээнд нийт 314 030 иргэн бүртгэлтэй байгаагаас 0-18 насны 104 566 хүүхэд амьдарч байгаа нь нийт бүсийн хүн амын 30 хувийг эзэлж байна. 2023 оны байдлаар төвийн бүсийн хэмжээнд нийт 126 гэмт хэрэгт холбогдсон нь өмнөх онтой харьцуулахад 49 хүүхдээр буюу 1,5 хувиар өсжээ. Аймгаар нь авч үзвэл, Төв аймаг 21, Дархан-Уул аймаг 48, Сэлэнгэ аймагт 54 хүүхэд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хулгайлах, зодолдох, бусдын эд зүйлийг хулгайлах, халдах, үе тэнгийн дээрэлхэлт, эвдэн сүйтгэх, тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг гэмт хэрэг, зөрчилд холбогджээ. Гэвч хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тоон мэдээлэл улсын хэмжээнд зөрүүтэй байна. Тухайлбал, Улсын Ерөнхий прокурорын газрын тайланд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 64 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон талаар дурдсан байгаа нь аймгийн цагдаагийн газар, прокурорын газраас гаргаж буй тоон мэдээлэл зөрсөн. Тиймээс цаашид гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, хохирсон хүүхдийн тоон мэдээллийн зөрүүг арилгах, төр, иргэдийг бодит статистик мэдээллээр хангах, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүүхдийн ар гэрийн нөхцөл байдлыг тусгасан мэдээллийн сан бий болгох шаардлагатай байна.
Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн 2023 оны байдлаар Сэлэнгэ аймагт 54, Дархан-Уул аймагт 80, Төв аймагт 48 хүүхэд буюу нийт 182 хүүхэд хохирсон байна. Харин зөрчлийн хэргийн улмаас 81 хүүхэд хохирсон нь өмнөх оноос 25 хувиар өссөн. Хүүхдүүдийн гэмт хэрэг, зөрчлийн хэргийн хохирогч болж буй шалтгаан, нөхцөл нь эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байдал, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн, эрсдэлт нөхцөлд ганцааранг нь удаан хугацаагаар үлдээдэг зэргээс үүдэж байна. Тухайлбал, зам тээврийн осолд өртөх, цонхоор буюу өндрөөс унах, үе тэнгийнхээ дээрэлхэх, хэрцгий харьцах, бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл өртөж буй нь Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймагт нийтлэг байна. Төвийн бүсийн хэмжээнд 2023 оны байдлаар зам тээврийн осолд 28 хүүхэд өртсөнөөс 3 хүүхэд нь амь насаа алдсан. Энэ тоог өмнөх онтой харьцуулахад 1,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Төвийн бүсийн хэмжээнд 2023 онд Сэлэнгэ аймагт 24, Дархан-Уул аймагт 8, Төв аймаг 12 хүүхэд буюу нийт 40 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь мөн оны өмнөх үетэй харьцуулахад 1,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг түр хамгаалах байранд байрлуулах, анхан шатны хамгааллын үйлчилгээг үзүүлэх, хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, ЕБС-ийн сурагч, их дээд сургуулийн оюутнуудад сургалт зохион байгуулах, гэмт хэрэгт өртөж болзошгүй хүүхдийн судалгаа гаргах зэрэг ажлыг аймгууд тодорхой хэмжээнд авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хүүхэд хамгааллын зардалд орон нутгийн төсвөөс нийт 10 сая төгрөгийг 2023 онд зарцуулсан бол Сэлэнгэ аймгийн ХЭХЗХ-оос бэлгийн хүчирхийллийн хохирогч, гэмт хэрэгт холбогдсон зургаан хүүхдэд сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Төв аймгийн хувьд аймгийн төлөв байдлын тайланд энэ талаарх мэдээлэл тусгааүй бөгөөд ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулсан эсэх нь тодорхойгүй байна. Хэдийгээр хүүхэд хамгаалалд тодорхой хэмжээний төсөв гаргаж, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай ч үүнийг улам сайжруулах шаардлага бий. Жишээлбэл, Комисс Дархан-Уул аймаг дахь Хүүхдийн эрхийн Хууль зүйн хорооны 2022 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнг үндэслэн Хүүхдийн эрхийн Хууль зүйн хорооны дарга, гишүүдийн манлайллыг идэвхжүүлэх, жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх, тусгуулах, хүүхдийн эрхийг хамгаалах хууль, тогтоомжийн биелэлтийг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих, хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээ авах талаар Дархан-Уул аймгийн Засаг даргад Комиссын гишүүний шаардлага хүргүүлсэн. Гэвч Комиссын гишүүний шаардлага 50 хувийн хэрэгжилттэй байна.
Комиссоос Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын 22 дахь илтгэлд дэлгэрэнгүй тусгаснаар УИХ-ын 35 дугаар тогтоол батлагдаж, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг УИХ-аас Засгийн газарт даалгасан. Тиймээс аймгийн Засаг дарга нар УИХ-ын 35 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах чиглэлд авчя хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг нарийвчлан баталж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.