Олон улсын хөл бөмбөгийн холбооны өдрийг тохиолдуулан Монголын үндэсний шигшээ багийнхан ирэх зургаадугаар сарын 7-нд Камбож улсын тамирчидтай Пномпень хотод нөхөрсөг тоглолт хийхээр боллоо. Харин хариу нөхөрсөг тоглолт Улаанбаатарт 11-нд болох юм. Шигшээ багийнхныг үүнээс гадна ирэх есдүгээр сард болох, 2027 оны Азийн хөл бөмбөгийн холбооны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолт хүлээж байгаа. Мөн арваннэгдүгээр сард болох Зүүн Азийн АШТ-ий эхний шатны тэмцээнд оролцоно.
Хөл бөмбөгтэй холбоотой өөр нэг мэдээ дуулгахад, Азийн хөл бөмбөгийн холбоо болон Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулах С зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ. Хоёр хэсгээс бүрдэх уг сургалтын эхнийхэд нь хаалгачийн болон клубүүдтэй ажилладаг дасгалжуулагчид хамрагдаж байна. Дараагийнхыг нь ирэх сарын 13-18-нд онол, практик хосолсон байдлаар явуулахаар төлөвлөжээ. Сургалтыг Азийн хөл бөмбөгийн холбооны А зэрэглэлтэй дасгалжуулагч З.Баттулга, П.Алтантулга нар удирдан явуулж буй. Ташрамд дурдахад, оюутны спортын наадмын өнөөдөр эхлэх футзалын тэмцээнд 18 их, дээд сургуулийн 180 тамирчин өрсөлдөнө. Энэ нь өмнөд хөршийн Шанхай хотод зохион байгуулах оюутны футзалын ДАШТ-д оролцох шигшээ багийн өмнөх урьдчилсан шатны тэмцээн юм. Багууд дөрвөн хэсэгт холимог системээр өрсөлдөх бөгөөд хэсэг тус бүрийн шилдэг үзүүлэлттэй хоёр баг цааш шалгарч, хасагдах шатны тоглолт хийснээр аваргаа тодруулах аж.