Өчигдөр Эрүүгийн цагдаагийн газраас “Ачит Ихт” ХХК-ийн байранд нэгжлэг хийсэнтэй холбоотой тус компаниас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Улс төрийн зорилгоор хоёр сонгууль дамнан дээрх шиг нөхцөл байдал үүсэж, сөрөг хүчнээ намнах гэж оролдож байна. “Ц.Элбэгдоржийн компани” хэмээн гүтгэдэг, АТГ-аас хийсэн шалгалтаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой компанийн хувь эзэмшил, үйл ажиллагаанд хамааралгүй гэдгийг тогтоосон. Тиймээс хууль бус үйл ажиллагаагаа даруй зогсоохыг шаардаж байна” гэх агуулгыг тусгажээ.
Гэвч дээрх компанитай холбогдож буй Ц.Элбэгдорж нь 2009-2017 онд Монгол Улсын ерөнхийлөгчөөр, “Ачит Ихт” ХХК-ийн П.Цагаан нь 2009-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, ахлах зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл дээрх компани байгуулагдах үед буюу “Ачит Ихт” ХХК-ийн гэрээ 2010 онд хийгдэх үед дээрх хүмүүс өндөр албан тушаал хашиж байсан юм.