Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласантай холбогдуулан түүний өмгөөлөгч О.Батсүх өчигдөр мэдээлэл хийв. Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хүртэл сэтгүүлчийн ажлаа хийхийг түдгэлзүүлэх саналыг энэ сарын 5-нд нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гэнэ. Тус шүүх үүнийг хэлэлцээд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн гэж өмгөөлөгч О.Батсүх хэлэв. Тэрбээр “Уг шийдвэртэй санал нийлэхгүй байгаа учраас хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид хандлаа. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг баталгаажуулсан. Эдгээр эрхийг гагцхүү дайны болон онц байдал зарласан үед хязгаарлаж болохыг Үндсэн хуульд заасан. Тиймээс шүүхээс миний үйлчлүүлэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээ нь олон улсын гэрээ, конвенцод заасан, Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргалаа” гэсэн юм.