ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийгээд ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг есөн аж ахуйн нэгж зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлэн, хууль бусаар их хэмжээний мод бэлтгэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ. Эдгээр аж ахуйн нэгжээс 29 ширхэг “ЗиЛ-131” маркийн автомашин бүхий 350 шоо метр модыг эд мөрийн баримтаар хураан авч битүүмжлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй гэнэ.
Экологийн цагдаагийн албанаас байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор ой бүхий аймагт хоёр удаа өргөн хүрээний хяналт шалгалт зохион байгуулжээ. Хаврын хуурайшилтын үед ойгоос мод бэлтгэх, дагалт баялаг түүх нь түймрийн эрсдэлийг нэмэгдүүлдгийг ч цагдаагийн байгууллагаас анхааруулав. Ташрамд дурдахад, мод, модон материал зөвшөөрөлгүй бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасанчлан 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240- 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, мөн нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэл ногдуулах зохицуулалттай. Харин энэ төрлийн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, 20-120 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуультай аж.