Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй премьерлигийн тойргийн тоглолтууд өрсөлдөөнтэй, ширүүхэн өрнөж байна. 13 дугаар тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Булган СП фалконс” өрсөлдөгчөө илүүрхэж, араас нь нэхсэн “Дэрэн”-гийнхэн оноо хувааснаар хоорондын зөрүү 11 болж холдсон. “Улаанбаатар”, “Хаан хүнс-эрчим” багийнхан мөн учраагаа буулган авч, III, IV байрлуу дэвшив. “Хаан хүнс-эрчим”-ийн япон легионер Мишима Юүтаулирлын найм, ес дэх гоолоо оруулснаар мэргэн буучдын өрсөлдөөнд хүч түрэн ирсэн юм. Эсрэг багийнханд гурван гоолоор хожигдож явсан “Хоромхон”-ы тоглогчид амархан бууж өгөхийг хүссэнгүй. Довтлогч Н.Наранболд 73 дахь минутад торгуулийн цохилтоор тоог ойртуулсан. Тэрбээр дахин нэг гоол хийж, оноог 3:2 болгосон юм.
Н.Наранболд энэ тоглолтод дубль хийснээр 11 гоолтой болж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхлэв. “Хаан хүнс-эрчим” энэ удаа20 оноотой болж, “Хоромхон”-чуудын өмнө бичигдлээ. Харин “Хоромхон”-чууд сүүлийн гурван тойргоос нэг л оноо авсан тул байр ухарч, VIII-т жагсжээ. Эл тойргийн тэмцээнд нэгэн сонирхолтой тоглолт “Хангарьд”, “Дэрэн” клубийн хооронд өрнөж, хуурай тэнцээгээр өндөрлөлөө. 14 дүгээр тойргийн тоглолт Монголын хөл бөмбөгийн холбооны талбайд болно. Задгай талбайн нээлтийн тоглолтыг хүснэгтийг тэргүүлэгч “Булган СП фалконс”, “Дэрэн” багийнхан эхлүүлнэ. Аваргын төлөөх тоглолт өнөөдөр19.15 цагт эхлэх бол маргааш “Төв азарганууд”, “Баварианс”-ынхантай, “Хаан хүнс-эрчим”-ийнхэн “Хангарьд”-чуудтай тоглоно. Ням гарагт “Ховд”, “Брераилч”, “Хоромхон”, “Улаанбаатар” багийнхан өрсөлдөх аж.