Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өчигдөр болж, шинээр байгуулсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох тогтоолын төслийг хэлэлцэв. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны хилийн цэсийг өөрчлөн, хаягийн зөрчлийг арилгахаар болжээ. Үүний хүрээнд 467 өрхийн 2016 иргэний оршин суух болон үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаягийн зөрчлийг арилгах гэнэ. Тухайлбал, 16 дугаар хорооны 411 өрхийн 1727 оршин суугч хилийн заагаар 22 дугаар хороонд орсон гэнэ. Тэднийг иргэний үнэмлэхийнх нь хаягаар буюу 16 дугаар хороонд хэвээр үлдээхээр тогтоолын төсөлд тусгажээ. Мөн 12 дугаар хорооны 56 өрхийн 289 иргэн хилийн заагаараа 12, иргэний үнэмлэхийн хаягаараа 21 дүгээр хороонд харьяалагджээ. Тэднийг 21 дүгээр хороонд үлдээхээр тогтоолд заасан байна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хэлснээр геодезийн компани эргэлтийн цэгийг тогтоохдоо алдаа гаргаснаас хилийн цэсийн маргаан гарсан гэнэ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцсон, эсэхийг тодруулсан юм. Эл асуултад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Чингэлтэй дүүргийн Газрын албаны удирдлагуудад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн” гэдэг тайлбар өглөө. Уг тогтоолын төслийг төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан юм.