Дорнод аймгийн Халхгол сумаас Чойбалсангийн чиглэлийн унаагаар зорчиж байсан эмэгтэй бие засахаар буух үед нь жолооч мартаж, орхин явжээ. Уг явдал энэ сарын 15-нд гарсан бөгөөд тухайн эмэгтэй автомашинд гадуур хувцас, гар утсаа үлдээсэн байж. Үүнтэй холбоотойгоор хилийн цэргийн 0132 дугаар ангийн алба хаагч, дэслэгч А.Алтаншагайгаар ахлуулсан бүлгийнхэн Халхголоос Чойбалсан хүрэх авто зам дагуу эрлийн ажиллагаа явуулж, тухайн иргэнийг өвс ачсан машинд дулаацаж байхад нь олсон байна. Тэрбээр сүлжээгүй газар байсан тул хэн нэгэнтэй холбоо барьж чадаагүй аж. Дэслэгч А.Алтаншагай “Ангиас үүрэг өгсний дагуу бид эрлийн ажиллагааг эхлүүлж, 200 гаруй км зам туулсан. Зам дагуух жалга дов, айлын өвөлжөө, уул, хад гээд дулаацаж болох бүх газрыг самнасан. Ингээд улсын хилээс 22 км-ийн зайд орших Үүдийн хаалга гэдэг газарт, өвс ачсан автомашинд дулаацаж байх үед нь олж, эрүүл мэндийн тусламж үзүүллээ. Түүний биеийн байдал хэвийн байгаа” хэмээсэн. Тухайн эмэгтэйг эрэн хайх ажиллагааг Дорнод аймгийн Цагдаагийн газар болон холбогдох байгууллагуудын 100 гаруй хүн 25 автомашинтайгаар зохион байгуулжээ.
Бэлтгэсэн А.Дөлгөөн