Олон улсын хөл бөмбөгийн холбоо, Азийн хөл бөмбөгийн холбооны элит ангилалтай шүүгч Ө.Батцэцэг Узбекистан улсын Ташкент хотод энэ сарын 3-16-нд хотод зохион байгуулж буй Азийн хөл бөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насныхны Азийн цомын шигшээ тэмцээнд томилогдон ажиллахаар болсон юм. Тэгвэл B хэсгийн эхний тэмцээнд тэрбээр БНАСАУ, БНХАУ-ын шигшээ багийн тоглолтод Лаос, Тайланд улсын шүүгчтэй хамт ажиллалаа. Түүний хувьд Монголын эмэгтэй шүүгчдээс дээрх шигшээ тэмцээнийг анх удаа дэнсэлсэн нь түүхэн үйл явдал болов. Ө.Батцэцэг өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн “Азийн цом”, “Ханжоу-2022” Азийн наадмын хөл бөмбөгийн тэмцээнд шүүгчээр ажиллаж байв.
Хөл бөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Монголын премьер лигийн II тойргийн эхний тоглолтод “Хаан хүнс-Эрчим” багийнхан өрсөлдөгч “Ховд”-ын тоглогчдыг 5:2-оор хожиж, дөрөв дэх ялалтаа байгууллаа. Эхний үед “Эрчим”-ийнхэн 3:1-ээр тэргүүлж дуусгасан. Дараагийн үе эхлээд удаагүй байхад Н.Сайнбуянгийн дамжуулалтаар Б.Мөнх-Эрдэнэ гоол оруулж, тооны харьцааг 3:2 болгож ойртуулсан юм. Харин 62 дахь минутад “Эрчим”-ийн япон легионер Т.Южин хамгаалагчийг хуурч, хаалганы алсын буланд цохин 4:2 болгон оноог холдуулав. Цаг дуусахын өмнө сэлгээгээр талбайд гарсан Б.Ган-Эрдэнийн дамжуулалтаар япон тамирчин К.Суэмицү гоол оруулан, тооны харьцааг 5:2 болгосноор тоглолтыг дуусгалаа.