Дэлхийн агаарын спортын холбоог 1905 оны аравдугаар сарын 14-нд байгуулж, нисэх загварын спортын тэмцээн хийж эхэлсэн түүхтэй. Тэгвэл манайд Нисэх загварын спортын нийгэмлэгийг 1997 оны есдүгээр сарын 27-нд байгуулж, тамирчдаа олон улсын тэмцээнд оролцуулж иржээ. Энэ жилийн жолоодлогот загварын ДАШТ АНУ-ын Индиана мужийн Манси хотод ирэх наймдугаар сарын 11-17 хүртэл үргэлжилнэ. Эл тэмцээнд Монголын шигшээ багийн долоон тамирчин уран нислэгийн F2B, агаарын тулалдааны F2D ангилалд оролцохоор болсон байна.
Жолоодлогот уран нислэгийн F2B ангилалд олон улсын болон дотоодын тэмцээнд өрсөлдсөн тамирчдаас амжилтынхаа чансаагаар эрэгтэйчүүдээс эхний гурван байрт З.Чингис, Н.Наранбаатар, Д.Мөнхмандах нар бичигджээ. Эмэгтэйчүүдээс Н.Номин, З.Номундарь нар дөрөв, тавдугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Н.Номин Польшийн Влоцлавек хотод 2022 онд болсон нисэх загварын спортын жолоодлогот загварын ДАШТ-ий уран нислэгийн F2B ангилалд мөнгөн медаль хүртсэн. Түүнчлэн Дэлхийн агаарын спортын холбооноос Монголд өнгөрсөн жилийн наймдугаар сард жолоодлогот загварын “Дэлхийн цом”-ын хоёр тэмцээн зохион байгуулахад аваргаар шалгарч байв.