Биатлоны үндэсний шигшээ багийн тамирчид 2024 онд төлөвлөсний дагуу Беларусийн Гавьяат дасгалжуулагч, олимп, дэлхийн аварга Александр Попов болон ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нарын удирдлагад бэлтгэл базааж, гадаадын тэмцээнд оролцож байгаа. Тэд удахгүй Эстони улсын Отепя хотыг зорьж, энэ сарын 23-наас ирэх сарын 2-нд зохион байгуулах залуучуудын ДАШТ-д өрсөлдөнө.
Манай тамирчид хэдхэн хоногийн өмнө олон улсын залуучуудын цомын АШТ-д оролцсон билээ. Эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Энхсайхан 10 км-ийн спринт уралдаанд VI, Ж.Гантулга 63, Б.Сүхбат 78, Б.Тэмүүжин 107, эмэгтэйчүүдээс Х.Эрдэнэтунгалаг 7.5 км-ийн уралдаанд 85 дугаар байр эзэлсэн юм. Э.Энхсайхан нийлбэр дүнгээр 179 оноотой XII байрт эрэмбэлэгдэж, Монголын тамирчид 40 улсаас багийн дүнгээр 16-д жагсжээ.
Тэгвэл Олон улсын биатлоны холбооноос Польш улсад Европын залуучуудын АШТ зохион байгуулахад Э.Энхсайхан 15 км-ийн хувийн гараанд түрүүлж, аварга болсон юм. Ингэснээр тэрбээр Монголын биатлоны спортод нэгэн шинэ хуудас нээлээ. Э.Энхсайхан тус тэмцээнд дөрвөн буудлагын шугамд нэг ч сум алдаагүй гурван тамирчны нэг.