Цаг уурын байгууллага зудын эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, өвөлжилтийн нөхцөл байдлыг танилцуулсаар буй. Үүнтэй зэрэгцээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслөөс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг аймгуудын цаг агаар, өвөлжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээг цувралаар танилцуулж, малчдад зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна.
Тус төслийнхөн өмнө нь Ховд, Сүхбаатар аймагт өвөлжилт ямар байгааг танилцуулсан бол сүүлд Дорнодыг онцоллоо. Одоогоор эл аймгийн газар нутгийн 100 хувьд цасан бүрхүүл тогтсон, 3-22 см зузаан хур тунадастай, ихэнх хэсгээрээ хөрлөж хатуурснаас мал бэлчээх боломжгүй, хүнд нөхцөлтэй байгаа гэнэ. Зудын үнэлгээгээр нийт нутгийнх нь 18.2 хувь нэн их, 74.5 хувь их эрсдэлтэй гэж гарчээ.
Аймгийн хэмжээнд буй нийт малын 61.4 хувь (хонин толгойд шилжүүлснээр) нь зудад өртөх их, 2.9 хувь нь маш их, 30.7 хувь нь дунд, 4.9 хувь нь бага эрсдэлтэйд багтжээ. Харин нийт өвөлжөөний газрын 56.3 хувь нь их, 40.7 хувь нь дунд, гурван хувь нь бага эрсдэлтэй байгаа аж. Зудад өртөх эрсдэл нэн өндөртэй мал сүргийн ихэнх нь Хэрлэн сумын 11 дүгээр багийнх бол өвөлжөөний хувьд Хөлөнбуйрын нэгдүгээр багийнх хүнд нөхцөлд байгааг хөдөө аж ахуйн цаг уурч З.Раднаа дурдав.
Уул нуруу бага учраас Дорнод Монголын тал салхи шуурга ихтэй, Халх, Нөмрөгийн сав газарт их хэмжээний цас ордгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, цаг уурч Д.Шагдарсүрэн дурдсан юм. Иймд малчдыг тэжээлийн нөөц бүрдүүлэн, хоорондоо харилцаа холбоотой байж, цаг агаарын богино хугацааны мэдээг тогтмол сонсож хэвшихийг тэрбээр зөвлөлөө. Мөн шим тэжээлтэй хоол идэж, мал хариулахдаа дулаан хувцаслахыг анхаарууллаа. Намар түүсэн халтар хомоолоор өвлийн хүнд бэрх цагт үхэр, хонь, ямаагаа борддог туршлагатай малчдын сайн жишиг байдгийг ч тэрбээр хуваалцав.