Гадаадын иргэд, тэр дундаа өмнөд хөршийнхөн манай түүх, соёлын дурсгалт, үнэт, хосгүй үнэт зүйлсийг сонирхдог, цуглуулахын тулд өндөр ханшаар худалдаж авах явдал байсаар. Тийм нэгэн хэрэгт Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, БНХАУ-ын иргэн Рэн Жиюүн, Лью Вэйшин нарын гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүгч Т.Батжаргал өнгөрсөн мягмар гарагт хянан хэлэлцээд хэрэг гарсан нутаг дэвсгэр болох Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ.
Өмнөд хөршийн эл хоёр иргэн Манжийн он тоолол болох Сайшаалт ерөөлт, Бадаргуулт, Төр гэрэлтийн үеийн болон Богд хаант Монгол Улс, БНМАУ-ын үед хамаарах дөрвөн багц 249 хуудас бүхий түүхийн дурсгалт бичвэрийг өнгөрсөн оны аравдугаар сарын 16-нд хилээр гаргах гэж байгаад баригдсан аж. Тэд Улаанбаатараас Замын-Үүд хүрэх галт тэргэнд Монголын түүхтэй холбоотой бичвэрүүдээ тээвэрлэж явсан гэнэ. Рэн Жиюүн, Лью Вэйшин нарт Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсгийн “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологи, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйлийг Монгол Улсын хил, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм байна.
Ташрамд дурдахад, прокурорын байгууллага 2023 онд соёлын өвийн эсрэг өдүүлсэн 33 хэрэгт хяналт тавьжээ. Тодруулбал, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэж гэмтээсэн, устгасан гурав, хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн дөрөв, түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэж гэмтээсэн, устгасан зургаа, соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан 20 хэрэг байгаа юм. Эдгээрээс наймд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн бол 16 нь мөрдөн байцаалтын шатанд байна. Энэ төрлийн гэмт хэргийн 75.8 хувь нь нийслэлд, 24.2 нь орон нутагт бүртгэгдсэн аж.