Зэвсэгт хүчний нэгтгэл ангиуд XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, хугацаат цэргийн алба хаагчидтай нэгдсэн золголт хийж, тэднийг ар гэрийнхэндээ мэндчилгээ дэвшүүлэх ажлыг ч өрнүүлэв.
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн дэд ахлагч О.Солонго, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн дэслэгч Б.Хишигнэмэх, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хошууч Э.Мөнхбаясах нарын ирүүлсэн мэдээллээр дайчид бүр ургах нарыг угтаж, үргэлжлүүлэн нэгдсэн арга хэмжээнд оролцжээ.
Тухайлбал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр сар шинийн ерөөлөө айлдаж, өв соёл, түүх уламжлалаа хүндэтгэн дагах нь монгол эр хүн бүрийн зарчим гээд нэгдсэн золголтоос гадна I, II сард төрсөн өдөр тохиож буй дайчдадаа баярын мэнд хүргэлээ.
Олон баяр тохиосон энэхүү тэмдэглэлт өдөр нэгтгэлийн байлдагч Б.Мөнх-Оргил морин хуурын хөг аялгуугаар бэлэг барьж, байлдагч Л.Галбаяр “Дэлгэр найрын хоймор” дуу, соёл хүмүүжлийн зааварлагч дэд ахлагч О.Солонго “Хоожиймаа” бүжиг, кино механикч ахлах ахлагч Э.Батзориг “Хүн уул” дуугаар тус тус мэндчилгээ дэвшүүлэв.
Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч захирагч дэд хурандаа Г.Дүнжингарав мөн химичин дайчидтайгаа золгохын сацуу ар гэрийнхэнд нь цахимаар мэндчилгээ дэвшүүлж, амар мэндийг нь айлтгалаа. Тэрээр луу жилд химичдийн өмнөө тавьсан олон зорилгоо биелүүлэхэд түрүүч, байлдагч бүрийн үүрэг их гэдгийг дурдаж, Зэвсэгт хүчний 2024 оны "Марш-тусгай бэлтгэлийн аварга" шалгаруулах тэмцээнд өмнөх амжилтаа бататгахыг ерөөсөн юм. Энэ үеэр байлдагч Н.Мөнхбат ая дууны мэндчилгээ дэвшүүлж, үндэсний уламжлалт ‘’Дөрвөн бэрх’’ тэмцээнээр өрсөлдөхөд дэд түрүүч О.Цэнгүүний баг тэргүүллээ.
Мөн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн удирдлагууд ашиглалтад ороод удаагүй байгаа цоо шинэ цэргийн гал тогоондоо ёс уламжлалынхаа дагуу түрүүч, байлдагч нараа идээ будаагаа дэлгэн угтан авч, төрт ёсны түүх соёл, түүнийг бүдгэрүүлэхгүйгээр явч явах иргэн бүрийн үүргийн тухай хөөрөлдөж, гэр бүлийнхэнд нь сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Эх сурвалж: "Хуурай замын цэрэг" сонин