Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг 68 өдрийн турш цагдан хоригдсоны эцэст, өнөөдөр суллагдлаа. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 13.14 зүйл буюу илтэд худал мэдээлэл тараах, шүүхэд нөлөөлөхийг завдсан хэмээн таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэвч дээрх зүйл анги нь заавал цагдан хорих болон таслан сэргийлэх шаардлагагүй гэдгийг өмгөөлөгчдийн зүгээс мэдэгдэж, суллах хүсэлтийг тавиад байсан юм. Тус хүсэлтийг шүүх хүлээн авч, гадуур шалгахаар болж, тэрбээр 68 хоног цагдан хоригдсоны эцэст өнөөдөр суллагдлаа.
Шүүхийн албан ёсны шийдвэрийг танилцуулъя.
Өмгөөлөгч Б.Баатарсайхан, О.Батсүх нараас яллагдагч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай гомдол гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд яллагдагч Н.Өнөрцэцэгийн ар гэрийн нөхцөл байдал, үр хүүхдүүдийнх нь эрх ашгийг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, Н.Өнөрцэцэгийг холбогдсон эрүүгийн хэрэг нь хянан шийдвэрлэгдэж дуусталх хугацаанд Монгол Улсын хилээр гарч явахыг хязгаарлах, мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад очих, өөрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос өөр бусад газарт очихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв.