Цагаан сарын уламжлалт тоглоом наадгайн талаар Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, профессор С.Дулам багшийн хэлснийг хүргэж байна.
Ер цагаан сарын шинийн нэгнээс шинийн наймныг дуустал хүүхэд багачуул, шагайгаар даага уралдуулж, томчуул шагай шүүрэх, бөх барилдуудах буюу арван хоёр бэрх зэрэг тоглоомоор тоглодог байжээ. Бас томчуул нь “бага”, “дунд”, “хангал”, “их” гэсэн дөрвөн зүйлийн “Буга” наадмаар оюуны цэц, арга чадвараа сорино. Тэр ч атугай нутаг нутагт цагаан сарын шинийн нэгэн юмуу хоёрт тоглодог өвөрмөц тоглоом наадгай гэж байжээ. Тухайлбал, Засагт Хан аймгийн Жонон вангийн хошуунд /Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сум/ нутгийн ноён мэргэн Лувсанбавуудагва хүний атаа жөтөө хор шарыг буцалгасан даалуу мэтийн тоглоомыг хориглож, оронд нь эв найрыг сургамжилсан утга бүхий далан хоёр модон хөзрөөр тоглодог “Тахил” хэмээх тоглоомыг 1890-ээд оны орчим нэгэн хурц ухаант ядуу хүнээр зохиолгосон байна. Далан хоёр модонд нь жанцан, хорло, загас, тунамал, арилди, загас хорло тус бүр дөрөв дөрөв, норов дүг, ду, хорло, цэцэг, бумба, өлзий хорло, загас хорло, дун бумба, дун, хас, гахай, могой, тахиа тус бүр хоёр хоёр ордог байна. Хоёроос зургаан хүн талцаж тоглодог эл наадамд ахмад хүнээр сөхүүлэн нэг талынхан моднуудаа ижлээр нь дүйзэлж байгаад мод бүрийн зүүн дээд өнцөгт бичсэн зурхайн тоогоор ахлуулан дарж тоглох хийгээд хэнд ямар ахлаач мод гарч байгааг тооцон өөрсдөө яавал олон гэр барьж болох вэ гэдгийг эрэмцэн наадна (Банди 1989, 11). Ер нь монгол мэргэд мөрийтэй ясан даалуу мэтийн тоглоомын оронд утга соёлынхоо бэлгэдлийг эрхэмлэсэн “Хорло”, “Төгс жаргалан” зэрэг тоглоомыг зохион тоглож, айл гэрийн жавар үргээж жилийн засал болгодог байсан нь хуучин Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууныхан өнөөгийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Жаргалан сумдад ихэд дэлгэрсэн байна. Тиймээс хувьсгалын жилүүдэд “Төгсжаргалан”-г феодлын тоглоом хэмээн хориглосон байсныг профессор Г.Нандинбилиг сэргээн судалж байна.
Сэцэн хан аймгийн Хардэл жанжин бэйсийн хошуунд /Хэнтий аймгийн Галшар суманд/ арваад хоногийн өмнөөс аль хурдан сайн морьдоо сойж шавхруулж байгаад болзсон газраа үд хэвийх үеэр хуран цугларч /Галшарын зүүн хойд нуруу, Ацын овооны ар тал зэрэг/ хэн нэгнийхээ хувцсанд ташуур хүргэн саахалт газар зугтдаг “баадай авах” гэгч наадмаар нааддаг байжээ. Хөөгч хүн зугтаагчийг саахалт газар амжиж гүйцэхгүй бол мориныхоо амыг эргүүлэн буцаж ирнэ. Ийнхүү зүг зүг тийшээ бут үсрэн хоёр хоёроор уралдаж буй морьтныг хуран чуулсан олон хөхиүлэн уухайлж, хэний морь хурдан, хэний хүлэг шандастай байгааг шагшин гайхалцаж байдаг аж. “Баадай авч” зугтах тоолондоо баригдаад байвал “нийтийн дунд тоосоо гөвүүлсэн” болох учир хүн бүр мэрийнэ. Бүрий болох үед шатарчлахаа болиод аль хурдан сайн морьтон ташуураа өргөж, “нийтийн баадай” зарлаад гэр, хот айл хүртлээ /10-15 км/ хурдална. Хуран чуулсан бүх морьтон хөөцгөөж замдаа суварч хоцорсоор хэн нэг нь гүйцэх буюу эсвэл эс гүйцэгдэнэ. Нийтийн баадай авсан хүнийг хэн нэг нь л гүйцвэл маргааш өдрийн үйл бүтэмж ерөөгөөд гэр гэртээ тархацгаана. Хариад морио адуунд тавихын өмнө эмээлийг авч хотны хөглөрсөн хөх бууцан дээр хөрвөөлгөхөд ухаант хүлэг нь бууцанд хөрвөөж хөлс, цан хүүргээ шилгээж, нуруу тэнийн дулаацна. Хурд хүч ихтэй сайн морь таваас зургаа хөрвөөдөг гэх бөгөөд “баадай авах” наадамд хэн хэний морь хурдалж байсан тухай халуун яриа хөвөрдөг ажээ (Пүрэвдорж 1989, 14). “Баадай авах” хэмээх эл наадам бол морьтой, хурдтай газрын аз хийморийн өвөрмөц сорилго тэмцээн болох нь илт байна. Гэлээ гэхдээ энд нэгэн зүйлийг онцлон тэмдэглэхэд сүүлийн үед бий болсон өвлийн морин уралдаан гэгч морь хүн хоёрт халгаатай наадам уламжлал ёсоор байсангүй. Ер нь монголчууд зуны эхэн сарын шинийн гурванаас наана үүдээ гэр дээрээ тавьдаггүй, ханцуйгаа сугалдаргалж өмсдөггүй, хурдан морь уралдуулдаггүй заншилтай байжээ. Учир нь хөх ногоо ургаж хөхөө шувуу донгодохоос нааш тэнгэрийн үүд нээгдээгүй байгаа гэж үзээд тэнгэрийн үүд хаалттай байхад энэ бүхнийг зөрчвөл тэнгэр задарна гэж үздэг байв. Өнөө ч гэсэн зарим хашир малчид монгол хүн өвөл морь уралдуулж, цээжийг нь авдаггүй, жилбэн гүйлгэдэггүй байсан хэмээн хэлэлцэж байна.