Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уулыг зорих иргэдийн тоо нэмэгддэг.
Тухайлбал, Алтан овоо, Шилийн богд хайрханд мөргөж, шинийн нэгэн болоод шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчид ихээр зорчдог байна. Дунджаар сар шинийн өдрүүдэд Шилийн богд руу 5000 гаруй тээврийн хэрэгсэл 20-30 мянга гаруй иргэд зорин очдог гэсэн тооцоолол гаргажээ. Иймд тус аймгийн цагдаагийн газраас Алтан овоо, Шилийн богдын чиглэлд зорчих иргэдийн хөдөлгөөнд шинийн 15-ныг хүртэлх хугацаанд хяналт тавьж, цагийн менежментийн дагуу хяналтын постыг ажиллуулан жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллана гэж мэдэгдлээ.