Монголын уламжлалт Цагаан сарын баяр өнөө маргаашгүй болно. Энэ өдрүүдэд зах худалдааны төвүүд хүнээр “хахаж” хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байна. Тэгвэл сар шинийн үеэр зарцуулах зардлын 60 гаруй хувийг гар цайлгах бэлэг эзэлдэг гэх судалгааг MMCG компаниас гаргажээ. Гол нь бэлгийн дийлэнх нь хэрэгцээгүй мөн гаднын орнууд руу их хэмжээний мөнгө урсгадаг нь шүүмжлэл дагуулж буй. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд уламжлалт баяраараа үндэсний бэлэг өгөхийг уриалах хүмүүс нэмэгджээ. Тэр дундаа ном бэлэглэх давлагаа цахим орчинд хүчтэй өрнөсөн. Тиймээс номын дэлгүүр зорив. Номын дэлгүүрүүд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Дэлгүүрүүд Цагаан сараар түүх соёл, мэдлэг түгээхийг уриалан олон сонголттой бэлгийн багцууд гаргажээ.
Худалдан авагч А.Буянхишиг бага насны хүүхдийн хамт дэлгүүрт уут дүүрэн ном барьсаар алхаж байлаа. Хүүхэд нь номд хорхойтой нэгэн бололтой, ээжийнхээ хамт ном сонирхсоор. Тэрбээр “Би Цагаан сарын бэлгэнд ном сонгохоор энд ирсэн. Нас насны ангилалд тохируулан ном бэлдсэн нь таалагдлаа. Гаднын бараанаас илүүтэй ном бэлэглэвэл хэрэгтэй санагддаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
“Аз хур” номын дэлгүүрийн төв салбарт сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ. Дэлгүүрийн дөрвөн давхрын заалыг номоор дүүргэж үзэсгэлэн гаргасан байна. Энд өргөн сонголттой багц гаргаснаас гадна, сав баглаа боодол нь Цагаан сарын зураг, чимэглэлтэй. Зарим үйлчлүүлэгчид өөртөө ном авч байсан бол олонх нь бэлгэнд сонгож байгаагаа хэлсэн билээ.
Маркетингийн менежер Б.Цолмон “Манай дэлгүүр хэрэглэгчдэдээ зориулаад жил бүр Цагаан сарын бэлгийн багц гаргадаг. Энэ жилийн багц залуус, хүүхдийн, нийтийн гэсэн гурван төрөлтэй. Жишээлбэл, хүүхдийн бэлгэнд нярай, цэцэрлэгийн хүүхэд, бага, дунд ангийнханд зориулсан ном сонгож бэлдлээ. Харин залуус багцад хувь хүний хөгжлийн болон уран зохиолын номууд, нийтийн багцад хуанли, 20 зууны шилдэг романууд орсноороо онцлогтой. Багцууд 2-40 мянган төгрөг хүртэлх үнийн сонголттой, сав баглаа боодол нь Цагаан сарын холбогдолтой зурагтай. Багцад дан ганц ном биш хүүхдийн тоглоом, үзэг дэвтэр, утасны дагалдах хэрэгсэл гэх мэт бэлэгтэй. Хамгийн оюунлаг бэлэг бол ном” гэлээ.
“Анд” номын дэлгүүр мөн цагаан сарын үзэсгэлэн худалдаанд нэгджээ. Хүмүүсийн тухтай байдаг газрын нэг нь яах аргагүй номын дэлгүүр. Залуус гартаа хэдэн ном барьчхаад дараагийн номоо сонирхоно.
Салбар дэлгүүрийн менежер Ц.Болорзул хэлэхдээ “Анд номын дэлгүүр “Эх хэл соёлоо түгээцгээе” уриатай. Бид номууддаа 30 хувийн хямдрал зарлаж, багц гаргасан. Жишээлбэл, залуусын эх хэл, түүх соёлын мэдлэгийг дэлгэрүүлэхэд ач холбогдолтой Д.Маамын “Газар шороо” гурван боть, Б.Энхбатын “Өв залгамжлагч” зургаан боть хямдралтай багцад орсон. Хүүхдүүдэд зориулсан “Монгол ардын аман зохиолын цоморлог” болох таван ном бий. Үүнд зүйр цэцэн үг, ерөөл, магтаал, оньсого, ертөнцийн гурав гэсэн төрлүүдтэй. Номуудыг хүүхдийн нүдний хараанд тохируулж том бичсэн, өдөр тутамдаа цүнхлээд явчихаар жижигхэн. Мөн “Монгол ардын шилмэл үлгэрүүд” хоёр боть номыг хүүхдүүдэд санал болгоё. Цагаан сараар ном бэлэглэж занших хэрэгтэй санагддаг” гэсэн юм.
“Мир” номын дэлгүүрийнхэн номууддаа ирэх сарын 9-нийг хүртэл 20 хувь хямдруулжээ. Энд мөн хөл хөдөлгөөнтэй байв. Ээжүүд хүүхдүүдийн хамт энд иржээ. Улмаар сонирхсон номыг авч өгөөд явж байлаа. Ээж “Энэ өгүүллэгийг авчихаа гоё зузаан юм байна” Хүү “Тэгье ээжээ” гэх нь өхөөрдөм аж.
Дэлгүүрийн ажилтан хэлэхдээ “Сар шинийн баярыг тохиолдуулан “Мир паблишин” -аас гаргадаг номууддаа хямдрал зарласан. Үүнд хүүхдийн номууд ихэвчлэн бий. Тухайлбал, өврийн нэвтэрхий толь, үлгэрийн номуудаа хямдруулсан. Мөн уран зохиолын номууд багтаж байна. Бүх номд номын хавчуурга, уут дагалдана” гэлээ.
“Альфа” номын дэлгүүрийн салбаруудад Цагаан сарын бэлгийн олон төрлийн багц, урамшуулалтай худалдаа болж байв. Багцад бүх насныханд зориулсан номууд оржээ. Бэлгийн хайрцаг, чимэглэл гоёмсог гэж жигтэйхэн юм.
Бэлгийн багцыг ихээр худалдан авч байгааг дэлгүүрийн ажилтан Э. Золзаяа дурдсан юм. Тэрбээр “Энэ удаагийн урамшууллаараа бид номоо үндсэн үнээр нь авбал бэлгэнд хавчуурга, харандаа, шоколад, ном авах бүртээ гурван хувь хөнгөлүүлэх, жилд гурван ном бэлгэд авах боломжтой бэлгийн карт өгч байна” хэмээлээ.
Товчхондоо, цахим орчимд өрнүүлсэн “Цагаан сараар ном бэлэглэе” давлагаа амжилттай байгаа нь номын дэлгүүр дэх хөл хөдөлгөөнөөс илэрхий харагдав. Нээрээ ч хамгийн оюунлаг бэлэг бол ном билээ.
Бэлтгэсэн: Н.Халиунаа