(Хүний эрхийн үндэсний комисс) 2023 он болон 2024 оны нэгдүгээр сард хэрэгжүүлсэн онцлох ажлаа тайлагнаж, хэвлэлийн хурал хийлээ. ХЭҮК-т жилдээ 1000 гаруй гомдол ирдэг байна. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд Улаанбаатар хотоос 88, хөдөө орон нутгаас 22 гомдол иржээ. Дийлэнх гомдлын шалтгаан нь шударга шүүхээр шүүлгэх, хөдөлмөрлөх эрх, халдашгүй чөлөөтэй байдал зөрчигдөх, хилс хэрэгт холбогдох, хүүхдийн эрхийн талаарх гомдол байдаг гэнэ.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид мэдээлэхдээ “Нэгдүгээр сард найман хяналт шалгалт явуулсан. Үүнд Хөвсгөл, Орхон, Дархан-уул аймагт ахмадын асрамжийн газар, хүүхдийн дотуур байрны асуудлууд багтсан. Жишээлбэл, Хөвсгөл аймгийн Pэнчинлхүмбэ, Улаан-уул, Цагааннуур зэрэг сум аймгийн төвөөсөө 200 км хол зайтай. Эдгээр сумын сургууль, дотуур байрны нөхцөл байдлын талаар гомдол ирж, шалгасан. Мөн 407-р хорих байранд хяналт шалгалт хийлээ. Үүнээс гадна, ХЭҮК-оос зөвлөмж, уриалгууд гаргадаг. Цагдаагийн байгууллагад хүний эрхэд хүндэтгэлтэй хандах талаар зөвлөмж хүргүүлсэн. Мөн Дүнжингаравын урд гарсан осолтой холбоотой мэдээ түгээхдээ хүний эрхийн мэдрэмжтэй байх талаар уриалж ажиллав.
ХЭҮК-оос нэгдүгээр сарын 26-ны өдөр Дүнжингаравын орчимд болсон галд өртсөн айлын төлөөлөлтэй уулзаж санал хүсэлт сонссон. Тэд “Даатгалтай, даатгалгүй машинаа хэрхэх вэ түрээсийн төлбөрөө хурдан авмаар байна” гэсэн саналуудыг илэрхийлсэн. Энэ талаар холбогдох албатай хамтран ажиллаж байна. Засгийн газраас түрээсийн асуудлыг шийднэ, нийслэлийн Засаг дарга тодорхой хэмжээний нөхөн олговор олгох талаараа мэдэгдсэн.
Мөн хуулийн төслүүдэд санал өгдөг. Онцлох төсөл гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг нэн даруй хойшлуулшгүйгээр цагдан хорьж буй талаарх заалтад санал өгч ажилласан. Энэ ажлын хэсэгт Хууль зүйн ухааны доктор Б.Энхболд ажиллан, санал өгч нэгдүгээр сарын 17-нд УИХ баталсан. Өөрчлөлт нь 24 цагийн баривчилгааг шүүхэд мэдэгддэггүй байсан бол зайлшгүй шүүхэд мэдэгдэхээр болсон юм. Улмаар цагдан хорих цагийг багасгасан.
Гэр бүлийн тухай хуулийн төсөлд ХЭҮК-оос тодорхой саналуудыг хүргүүлсэн. Үүнд хүүхдийн эрхийн асуудал үүн дотроо хүүхдийн тэтгэмж, хүүхдэд ноогдох өмчийн асуудлуудад санал өглөө” хэмээлээ.
Хүний эрхийг хамгаалах тогтолцоо нь төрийн бүх байгууллагуудад хамаардаг тэр дундаа Засгийн газар хамгийн их чиг үүрэгтэй. Тиймээс ХЭҮК-оос Засгийн газарт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг үндэслэн агаарын бохирдол, усны менежмент, хөрсний бохирдол, химийн хорт бодисын талаарх хуулийг хэрэгжүүлэх, зам, барилгын стандарт мөрдүүлэх, урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар зөвлөмж хүргүүлжээ.
ХЭҮК өнгөрсөн жилийн илтгэлдээ зургаан төрийн тусгай албан хаагчийн эрхийн талаар тусгасан. Хил хамгаалах, шүүх, цагдаа, онцгой, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, зэвсэгт хүчний жанжин штабын албан хаагчдын хувцас, цалин хөлсний талаар онцолжээ. Энэ талаар хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт эргэж мэдээлнэ гэв.
Бэлтгэсэн: Н.Халиунаа