2022 оны цагаан сарын баярын амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 18, 2023 оны цагаан сарын баярын өдрүүдэд 8 хүн тус тус нас барсан харамсалтай тохиолдлууд гарсан.
Жил бүрийн цагаан сарын баяраар орон нутгийг зорьсон замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Жолооч нар орон нутгийн замыг зорихдоо урьдчилан цаг агаарын мэдээллийг харж, тээврийн хэрэгслийн өвлийн дугуй, цан үлээгүүр, галын хор, эмийн сан болон бусад дагалдах хэрэгслийг шалгаж, том оврын ачааны автомашины оврын хэмжээг тодотгосон гэрэл ойлгогч байршуулж, замд гарахаас өмнө сайтар амарч замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцох шаардлагатай байдаг.
Гэвч иргэдийн зүгээс хол замд гарахдаа дээрх зөвлөмжүүдийг мөрддөггүй, мөн очих байршилд хүрэх хугацааг шууд 80 км/ц-ийн хурдтай явахад 300 км-ийн зайтай газрыг 3 цаг 45 минутын дараа очихоор тооцоолон гардаг ч дундаа зогсож хооллох, бие засах болон бусад гарч болох эрсдлүүдийг тооцолдоггүйгээс шалтгаалж орон нутгийн замд хурд хэтрүүлэх, замын хөдөлгөөний ачааллаас болж хориглосон нөхцөлд гүйцэт түрүүлэх, эсрэг урсгал сөрөх, буруу талаар гүйцэт түрүүлэх зэрэг үйлдлийг хийж зам тээврийн осолд өртөж, хохирдог.
Манай жолооч нарын хувьд суурин газрын гадна хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж ярьдаг. Орон нутгийн чанартай авто замын зорчих хэсгийн өргөн 6,5-7м, дундаа орц, гарцтай, мал амьтан, явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарласан хайс хашлага байхгүй, буцаж эргэх хөдөлгөөнийг хязгаарладгүй зэрэг нөхцөл нь тууш болон хурдны замаас өөр зохион байгуулалттай байдаг. Жолооч 80 км/ц хурдтай явж байгаад аюул осол бий болоход зугтах, зайлах, зогсоох арга хэмжээг авдаг боловч Физикийн хуулиар хуурай замд 80 км/ц хурдтай явж байгаа суудлын автомашины бүрэн зогсолт хийх хүртэл туулах зам 58.2м, харин 1 секундэд туулах зам 22.2м байдаг нь зугтах, зайлах үйлдэл хийж амжихгүйд хүрч зорчих хэсгээс гарч онхолдох, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл бусад зүйлс, мал амьтныг мөргөх эрсдэл үүсдэг. Хурд ихсэх тусам хамгаалах бүс зүүгээд ч амь нас, эрүүл мэндээ хамгаалах магадлал буурч байдаг. Энийг урвуу хамаарал гэдэг. Бидний хувьд машины хүчин чадлаар бус, замын нөхцөл байдалд тохируулж явах нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах хамгийн том гарц юм.
Тээврийн хэрэгслийн зорчигч нар аян зам дунд бууж, суухдаа зорчих хэсэг тал руу, бие засахдаа замын эсрэг тал руу явж зам тээврийн ослын хохирогч болох эрсдэл цөөнгүй гардаг.
Золголт хийхдээ айраг, нэрмэл зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. "Согтууруулах ундаа" гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг хэлдэг. Жолооч нар шалгах үед архи, дарс уугаагүй бол зүгээр гэж ойлгодог эсвэл туршлагагүй, огт жолооч биш хүмүүст жолоогоо шилжүүлж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулдаг.
Мөн тээврийн хэрэгслийн зорчигч, жолооч нарын аюулгүй байдлыг хангах хамгаалах бүс, хамгаалах суудал, хамгаалах малгай зэргийг хэрэглэдэггүй нь ослын үед амь нас, эрүүл мэндэд учрах хохирлыг нэмэгдүүлдэг. Хамгаалах бүс зүүснээр нас баралтыг 50%-аар, хамгаалах суудал хэрэглэснээр хүүхэд амь насаа алдах эрсдэл 71%-аар, хамгаалах малгайны зөв хэрэглээ нь нас барах эрсдэлийг 6 дахин, тархинд гэмтэл учрах эрсдэлийг 74%-аар тус тус бууруулах боломжтой гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлын хувьд жил бүр ачаалал авдаг гудамж замуудыг тоочвол:
ХУД-ийн нутагт - Нисэхийн тойргоос хойш Моносын уулзвар хүртэлх замууд;
СХД-ийн нутагт - Баянхошуу, Толгойт, Орбитын орчмын замууд болон Энхтайваны өргөн чөлөө өглөө баруунаас зүүн тийш, орой зүүнээс баруун тийш;
СБД-ийн нутагт - Чингэлтэйн өргөн чөлөөний зам, Бэлх, Сэлх, 7 буудлын орчмын замууд;
БЗД-ийн нутагт - Дарь эхийн болон Улиастайн замууд;
ЧД-ийн нутагт - Хайлаастын эцэс, Хүчит шонхор, Дэнжийн 1000-аас Янмалын давдаг шулуун замууд;
БГД-ийн нутагт - Энхболдын, Энхбаярын, Телевизийн замууд, Стандарт дэлгүүрийн гарц.
Баярын өдрүүдэд Улаанбаатар хотын гол гудамж, замуудад ямар нэгэн хөдөлгөөн зохион байгуулалтын өөрчлөлт хийхгүй.
Жолооч та бүхэн айлд золголт хийхээр орохдоо гудамж, зам талбайд тээврийн хэрэгсэлээ байршуулахдаа шуурхай албаны тээврийн хэрэгсэл явах боломжийг хязгаарлахгүйгээр зогсоох. Хорооллын доторх зам, хашаан дотор хөдөлгөөн эхлэхдээ зам орчны нөхцөл байдлыг биеэр шалгаж хүүхэд мөргөж гэмтээхээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.
ТА БҮХЭН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХДОО
- Замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх,
- Саадыг тойрон гарахдаа аюулгүй байдлыг бүрэн хангах;
- Замын зорчих хэсэг дээр зогсохгүй байх, зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг тогтоосон зайнд шуурхай байрлуулах;
- 8-аас дээш цагаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хот хоорондын замд зорчих үедээ 2 цаг тутамд зогсож 15 минутаас багагүй хугацаанд биеийнхээ чилээг гаргах, нойроо сэргээж байх;
- Зорчигч нар жолоочийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг анхаарч зөрчихгүй байх талаар шаардлага тавьж, зөвлөж явах зэрэг нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах хамгийн чухал алхам гэдгийг зөвлөж байна.