Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай асуудлыг НИТХ-аар хэлэлцэнэ. 2013 онд Улаанбаатар хот 325 мянган тээврийн хэрэгсэлтэй байсан бол өнөөдөр 700 мянгад хүрээд байна. Энэ 10 жилийн хугацаанд нийт замын уртыг 25 хувиар нэмэгдүүлсэн. Гэтэл машин нь 100 хувиар буюу хоёр дахин нэмэгдсэн.
Түгжрэлийг шийдэхийн тулд шинэ хуулиар гэр хорооллын газар олголтыг зогсоохоор болжээ. Одоо байгаа гэр хорооллыг тэлэхгүй, орон сууцжуулах арга хэмжээ авна. Мөн түгжрэлийн гол шалтгаан бол Улаанбаатар хотод жилд 50 мянга гаруй импортын машин орж ирж байна. Энэ байдал үргэлжилбэл, 2025 онд автомашин хөдлөх боломжгүй болно.
Машины тоог хязгаарлаж байж одоо байгаа машинуудаа хурдан явуулах холбоос болон тойрог хурдны замуудыг хийх төлөвлөлт рүү явна. Зам тавьсан ч автомашины тоо энэ хурдаар нэмэгдвэл асуудлыг шийдэхгүй. Өнөөдөр 700 мянган машин явж байгаа бөгөөд энэ тоог хязгаарлахгүй бол гурван жилийн дараа энэ тоо нэг саяд хүрнэ хэмээн хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн билээ.