Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооныхон ээлжит хурлаа хийв. Хуралд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон судлаач, зөвлөхүүдийн төлөөлөл бүхий Үндэсний хорооны гишүүд 76,2 хувийн ирцтэйгээр оролцож дараах асуудлыг хэлэлцсэн гэнэ.
Тодорхой хэлбэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны 2023 оны төлөвлөгөөний биелэлт, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2024 оны төлөвлөгөөний төслүүдийг хэлэлцжээ.
Улмаар хурлаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг дахин боловсруулан батлах, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2024 оны төлөвлөгөөний төслийг сайшаан, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлэх шийдвэр гаргасан байна.