Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа тошин үүсжээ. Ялангуяа Сэлбэ голд халиа үүсэж, холбогдох байгууллагынхан нь суваг гаргаж, далан барих зэрэг ажил гүйцэтгэж буй юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс (НОК) хуралдаж, ямар арга хэмжээ авахаа хэлэлцсэн байна. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсны улмаас хөрсний усны түвшин нэмэгдсэн нь халиа, тошин үүсэх шалтгаан болжээ. Түүнчлэн нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь өдгөө цасан бүрхүүлтэй байгаа аж. Тиймээс цаг агаар дулаарч, халиа, тошин, цас хайлах үеэр Улаанбаатарт шар усны үер болох эрсдэл үүсээд буйг НОК-оос анхаарууллаа. Ялангуяа Сэлбэ гол орчимд өнгөрсөн зуных шиг үер болохыг үгүйсгэх аргагүй гэв. Эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, нэн даруй хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй гэж НОК-ын гишүүд үзсэн байна. Ялангуяа шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах нь зүйтэй гэв. Эхний ээлжид Сэлбэ голын лаг хагшаасыг цэвэрлэх, зарим байршилд бетонон далан хийхээр болжээ.
Бэлтгэсэн М.Оч