Хүүхдийн хоолны шим тэжээлийг сайжруулах “Beyond nutrition” төслийг хоёр сургууль, гурван цэцэрлэгт хэрэгжүүлж эхэлжээ. Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болон “Зориг” сангийн хамтарсан “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн 2023-2024 оны оролцогчдоос бүрдсэн “Эрүүл бяцхан иргэд” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагынхан уг төслийг санаачилсан аж. Тэд төсөлдөө Улаанбаатар хотоос тус бүр нэг сургууль, цэцэрлэгийг хамруулсан байна. Мөн Дархан-Уул аймгаас нэг сургууль, хоёр цэцэрлэгт төсөл хэрэгжүүлэхээр сонгосон гэнэ. Тэдгээрийн дотор тусгай сургууль, цэцэрлэг тус бүр нэгийг багтаажээ.
Төслийн гол зорилго нь сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хангамжийг нэмэгдүүлэх юм. Үүний хүрээнд сонгогдсон сургууль, цэцэрлэгийн гал тогоог нь цогц байдлаар сайжруулахаар төлөвлөжээ. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн гал тогоог стандартад нийцүүлэн тохижуулж, аяга, таваг угаагч автомат төхөөрөмжөөр хангах юм байна. Мөн хүүхдийн насны онцлогт тохирсон шим тэжээлтэй хоолны цэс боловсруулахын зэрэгцээ сургууль, цэцэрлэгийн тогооч болон удирдлагыг мэргэжлийн сургалтад хамруулах зэрэг ажлыг хэрэгжүүлэх аж.
Бэлтгэсэн М.Оч