Байгаль орчны салбарт, иргэний нийгмийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотой иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор "Монголын жорлонгийн ууган холбоо"-той хамтран ажиллана. Энэ хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичигт БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, "Монголын Жорлонгийн Ууган Холбоо" ТББ ерөнхийлөгч Д.Баасандорж нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд аялал жуулчлалын бүс, автозамын дагуух үйлчилгээний цогцолбор, нийтийн ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, байгальд ээлтэй стандартын шаардлага хангасан технологийн оновчтой шийдэл бүхий ариун цэврийн байгууламжийг олон нийтэд таниулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллана.