Тайланд улсын Бангкок хотод энэ сарын 2-4-нд зохион байгуулсан, Азийн орнуудын сургуулиудын усанд сэлэлтийн нээлттэй тэмцээнд Монголын өсвөр үеийн тамирчид оролцлоо. Эрэгтэйчүүдээс медалийн салхи хагалж, “Альфа” клубийн сэлэгч У.Жавхлан 12-13 насныхны ангилалд 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд түрүүлж, 100, 200 метрийнхэд мөнгөн медаль авсан байна. Г.Энэрэлэн тус зайд хоёр мөнгө, хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс 14-15 насныхад О.Үжин 200 метрийн холимог болон араар даллах сэлэлтэд хошой хүрэл медалийн эзэн болов. А.Алтаннар өврөөр даллах сэлэлтийн 200, 400, 800, 1500 метрийн зай тус бүрд аваргаар шалгарчээ. Тэрбээр 1500 метрийн зайд улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Тэмцээний хоёр дахь өдөр бага насны ангиллын тамирчид ур чадвараа сорьсон. Тэднээс 10-11 насныхад Б.Амун дөрвөн төрөлд мөнгө, Ч.Оюун буухиа сэлэлтээр мөнгө, хүрэл медаль зүүв. Тэгвэл найман насны ангилалд өрсөлдсөн “Альфа” клубийн тамирчин О.Тансаглан 50, 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд хошой хүрэл медаль авчээ. Есөн насныхад “Орчлон” сургуулийн сурагч Ү.Бодицогт 50, 100, 200 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд тус бүр мөнгө, 400 метрт хүрэл медаль гардсан юм. Орон нутгаас оролцсон тамирчдаас Говьсүмбэр аймгийн “Говийн усчид” клубийн сэлэгч Б.Өрнөх 100 метрийн далайн гахай сэлэлтийн төрөлд мөнгөн медаль авав. С.Оргилбаяр 100 метрийн өврөөр даллах сэлэлтээр хүрэл медаль зүүжээ. Э.Энхтөгс 100 метрийн өврөөр болон араар даллах, далайн гахай сэлэлтэд хүрэл, Ч.Ананд 100 метрийн араар даллах сэлэлтээс мөнгө, 50 метрийн мэлхий сэлэлтэд мөнгөн медаль хүртэж, шагналын тавцанд зогссон юм. “Говийн усчид” клубийнхэн 4х50 метрийн холимог эрэгтэйчүүдийн буухиа сэлэлтийн наймаас доош насны ангилалд аваргалжээ. Эмэгтэйчүүд 4х50 метрийн холимог буухиа сэлэлтийн 14-15 насныхны ангилалд хүрэл медаль авсан байна.